Хураангуй:
Дэлхий нийтээр Ковид-19 цар тахлын эсрэг тэмцэж байгаа энэ үед голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгой байдлын алба хаагчид, цаашилбал хатуу хөл хорио тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын үед зайлшгүй ажиллаж буй ажилтнууд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа бөгөөд тэдний эрүүл мэнд, санхүүгийн эрсдэлийг хамгаалах хэрэгцээ байна. Гамшгийн үеийн ажилчдад зориулсан даатгалын бүтээгдэхүүн бий болсноор ажилчдад төдийгүй улсын гамшгийн удирдлага, санхүүжилт сайжрах бөгөөд цаашид учирч болох гамшгийн үед ажилчдыг хамгаалах нөхцөл бүрдэнэ. Энэхүү судалгааны ажлын хүрээнд гамшгийн үеийн ажилчдын эрүүл мэнд, санхүүгийн эрсдэлийг хамгаалах даатгалын бүтээгдэхүүн нэвтрүүлэх боломж, арга замыг судалж, дүгнэлт, санал зөвлөмж боловсрууллаа.