Хураангуй:
Эдүгээ “Дижитал хувьсгал буюу шилжилт” /digital transformation/ нь бизнесийн байгууллагуудын хувьд томоохон сорилтыг бий болгоод байна. Учир нь “Дижитал байна” гэдэг нь байгууллагуудын хувьд дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, хэрэглэгчийн үйлчилгээг дижитал болгох гэсэн технологийн өөрчлөлт, шинэчлэлтээр дуусах үйл явц биш байгууллагыг бүрдүүлэгч хүмүүс, үнэт зүйлс ба сэтгэлгээ, процесс, бүтэц тогтолцоо зэрэг байгууллагын соёлын бүрэлдэхүүн хүчин зүйлсийг дижитал технологитой хамтатган бэхжүүлэх тасралтгүй үйл явц ажээ.
Дэлхий даяар харилцаа холбооны салбар нь ирэх 5-10 жилд Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын суурь дэд бүтэц болох стратегийн чухал салбар болж байна.
Иймд судалгааны ажлын хүрээнд дижитал соёлын суурь элементүүдийн талаар судалж, Монголын харилцаа холбооны зарим компаниудад дижитал соёлыг бий болгох суурь нөхцөл бүрэлдсэн эсэхийг тодорхойлохыг зорьсон.
Судалгааны үр дүнд үүрэн холбооны компаниудын дижитал соёлын нөхцөл байдлын нэгдсэн үнэлгээ дунджаар 70.38%-тай гарсан ба эдгээр компаниудад дижитал соёлын суурь нөхцөл бүрэлдсэн байна.
Судалгаанд оролцогч Мобиком корпораци ХХК (75,83%), Скайтел ХХК (74,11%) компаниудын дижитал соёлын нэгдсэн үнэлгээ дунджаас дээгүүр, ойролцоо гарсан бол Жи мобайл ХХК (66,37%)-ийн үнэлгээ дунджаас доогуур, дээрх 2 компаниудаас 7-9 хувиар бага гарсан нь тус компанид дижитал соёлын суурь элементүүдийг сайжруулах чиглэлд ажиллах шаардлагатай харагдаж байна.