Хураангуй:
Ногдол ашгийн бодлого нь хувьцааны үнэлгээнд нөлөө үзүүлж байдаг. Хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг хамгийн их байлгахын тулд олон бодлого явуулдагийн нэг нь ногдол ашгийн бодлого юм. Онол болон эмпирик судалгаагаар ногдол ашгийн бодлогод нөлөөлөгч хүчин зүйлээр санхүүгийн хувьсагчид илүү сайн тайлбарлах чадвартай байдаг хэмээн олон улсын судалгаанууд тодорхойлдог. Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын ногдол ашиг тараах шийдвэр гаргалтад нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлж, онолын хувьд компанийн ногдол ашгийн оновчтой бодлогыг бизнесийн амьдралын мөчлөг дээр тулгуурлан тодорхойлоход оршино. Судалгаагаар нийт 11 компанийн 2013-аас 2019 оны панел өгөгдөл дээр 6 хүчин зүйлсийн нөлөөллийг тогтмол болон хувьсах нөлөөллийн загвараар судалсан. Судалгааны үр дүнд компанийн ашигт ажиллагаа, зах зээлд эзлэх байр суурь, эрсдэл, татвар зэрэг хүчин зүйлс нь эерэг нөлөөтэй гарч, хөшүүрэг, хөрвөх чадвар маш бага хэмжээний сөрөг нөлөө үзүүлж байна. Монголын хөрөнгийн биржийг Варшавын хөрөнгийн биржтэй харьцуулах байдлаар өнөөгийн хөрөнгийн зах зээлийн байдлыг судалсан.