Хураангуй:
2018 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 160 гаруй телевиз үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ салбарт хэт олон телевиз үйл ажиллагаа явуулж байгаа нь арилжааны телевизийн орлогын эх үүсвэр болох зар сурталчилгааны үнийг бууруулахад хүргэж байна. Мөн ойрын жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа сошиал орчин иргэдийн мэдээлэл авах гол хэрэгслүүдийн нэг болсон. Телевизүүд рейтингээ өсгөхийн тулд өндөр үнээр гадаадын контент, форматыг худалдан авч эхэлсэн. Энэ нь телевизийн зарлагыг огцом өсгөхөд нөлөөлсөн. Салбарын хувьд гурван жил дараалан алдагдалтай ажилласан байна.
Маш хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа энэ салбарын орчинд дасан зохицож, өөрчлөгдөх нь байгууллагын урт хугацаанд оршин тогтнох үндэс болно. Байгууллага бүтцийн болон стратегийн өөрчлөлт хийх явцад байгууллагын гишүүдийн соёлыг удирдан чиглүүлж зан төлөвшил, итгэл үнэмшлийг нэг болгон залах нь байгууллагад өөрчлөлтийг амжилттай авчрах хүчин зүйлсийн нэг юм.
Ийм учраас уналтад байгаа байгууллагад ашиглахыг зөвлөдөг Денисоны аргыг ашиглан арилжааны телевизүүдийн соёлыг үнэлж сайжруулах зарим нэг санал зөвлөмж боловсруулсан юм.