Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын зорилго нь удирдах ажилтны ёс суртахуунлаг шийдвэр гаргалт болон ёс суртахууны төсөөллийн харилцан хамаарлыг судлахад оршино. Мөн онолын судалгаанд тулгуурлан олон улсад судлагдан туршигдаж буй ёс суртахууны төсөөллийг хэмжих арга зүйг судлах, Монгол хэл рүү хөрвүүлж, боловсруулан туршиж үзэхийг зорьсон болно.
Ёс суртахуунлаг шийдвэр гаргалт гэдэг нь бизнес, эдийн засаг, улс төр гээд бүх салбаруудын удирдлагуудад хамааралтай чухал ач холбогдолтой үйл явц юм. Шийдвэр гаргалт тэр тусмаа бизнесийн шийдвэр гаргалтыг ёс суртахуунлаг байлгах нь компанийн удаан хугацааны оршин тогтнол, ашигт байдал, оролцогч талуудын сэтгэл ханамж гээд олон хүчин зүйлийг хамарсан асуудал билээ. Удирдлагууд ёс зүйн мухардалд орсон үед ямар шийдвэр гаргах нь олон зүйлээс хамаардаг байна. Шийдвэр гаргалт гэдэг нь тулгарсан асуудлыг шийдэхдээ хувилбар дундаас хамгийн оновчтойг сонгох явдал юм. Харин шийдвэрлэх хувилбаруудыг олон байлгах нь тухайн шийдвэр гаргагчийн бүтээлч байдлаас хамаардаг бол ёс суртахуунлаг шийдвэр гаргалт нь шийдвэр гаргагчийн ёс суртахууны төсөөллөөс ихээхэн хамааралтай байдаг гэж судлаачид үзжээ. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргагчийн ёс суртахуунлаг төсөөлөл нь шийдвэр гаргах хувилбаруудыг нэмэгдүүлэхээс гадна шийдвэр гаргалтын явцад ёс суртахууны үүднээс сэтгэн бодох чадварыг үүсгэнэ гэсэн үг юм. Харин зарим нэг эрдэмтэд тэр тундаа Patricia Werhane нь ёс суртахууны төсөөллийг сайжруулснаар ёс суртахуунлаг шийдвэр гаргалтад хүрнэ гэж үзжээ. Олон улсад ёс суртахууны төсөөллийг хэмжих арга зүйг хэд хэдэн эрдэмтэд боловсруулсан байсны зарим нэгийг энэхүү судалгаанд ашигласан юм. Aquino, Reed (2002) нарын боловсруулсан “Өөрийгөө илэрхийлэх ёс суртахууны шинж” асуулгаар судалгаанд оролцогчид өөрийн ёс суртахууны төлөвшлийг тодорхойлсон юм. Дараа нь “Ёс суртахууны хэм хэмжээ”-г үнэлэх Scott Vitell болон Paolillo нарын хөгжүүлсэн загварыг ашиглан судалгаанд оролцогчдын ёс зүйн асуудлыг таних чадварыг хэмжсэн юм. Энэ хэсэгт судалгаанд оролцогчид ёс зүйн асуудал хөндсөн кэйсийг уншаад өгөгдсөн асуултуудад хариулсан ба уг хэсэгт оролцогчид тус кэйс дэх асуудал нь ёс зүйн асуудал мөн болох эсэхийг таних, тус асуудлын ёс зүйн хэм хэмжээг тодорхойлж чадаж байгаа эсэхийг тогтоох гэж оролдсон юм. Сүүлийн хэсэгт Whitaker, Godwin (2013) нарын боловсруулсан ёс суртахууны төсөөллийг хэмжих кэйсийн асуултад хариулах аргаар ёс суртахууны төсөөллийг хэмжсэн юм. Оролцогчид өгөгдсөн бизнесийн орчинд ёс зүйн мухардалтай тулгарсан кэйсийг уншаад шийдвэр гаргалтын хувилбаруудыг дэвшүүлсэн юм. Энэ хэсэгт шийдвэрийн тоо хэмжээ мөн асуултын хариултын чанарыг тооцож судалгаанд оролцогчдын ёс суртахууны төсөөллийг хэмжсэн болно.
Судалгаанд банкны салбарын удирдах ажилтнуудын ёс суртахууны төсөөллийг үнэлж бусад салбарын удирдах ажилтнуудын ёс зүйн төсөөлөлтэй харьцуулан шинжилсэн юм. Судалгаанд хяналтын бүлэг буюу банкны салбарын 32 удирдах ажилтан, туршилтын бүлэг буюу бусад салбарын 35 удирдах ажилтнууд оролцсон. Судалгааны үр дүнгээс судалгаанд оролцогчид нь ёс суртахуунтай байдлыг бэлгэдэл хэлбэрээр илэрхийлэхийг эрмэлзэхээс илүүтэйгээр, харьцангуй өөртөө гүн ухамсарласан байдаг нь сайшаалтай байлаа. Харин ажлын туршлага нэмэгдэх тусам ёс суртахуунтай байдлыг эрхэмлэх хандлага буурдаг болох нь мөн судалгааны үр дүнгээс харагдсан. Ёс суртахууны асуудлыг таньж буй эсэхийг тодорхойлох 7 асуултын үр дүнд судалгаанд оролцогчдын хувьд ёс зүйн асуудлыг танихгүй байх, ач холбогдол өгөхгүй байх хандлага нь давамгайлж байлаа. Мөн ажилласан жил нэмэгдэх тусам ёс суртахуун буурч байсан ба бакалаврын зэрэгтэй удирдлагуудын ёс суртахууныг эрхэмлэх хандлага магистрын зэрэгтэй удирдлагуудын ёс суртахууныг дээдлэх үзлээс дээгүүр байлаа.
Энэхүү судалгааны нийт үр дүнгээс банкны салбарын удирдах ажилтнуудын ёс суртахууны төсөөлөл бусад салбарын удирдах ажилтнуудынхаас харьцангуй өндөр, ёс зүйн асуудлын талаар харьцангуй сайн мэдээлэлтэй, нийгмийн сайн сайханд чиглэсэн үйл ажиллагаануудыг дэмжих замаар өөрийн ёс суртахуунтай байдлыг илэрхийлэхийг эрхэмлэдэг гэсэн дүн гарсан юм.
Эцэст нь мастерийн хөтөлбөрт ёс зүйг судлах шаардлагатай, мөн энэхүү судалгааг дараа дараачийн судлаачид үргэлжлүүлэн ёс суртахууны төсөөлөл хэмээх ойлголтыг гүнзгийрүүлэн судалж, түүнийг хэмжих илүү боловсронгуй аргуудыг дэвшүүлж, цаашлаад ёс суртахуунлаг шийдвэр гаргалтыг сайжруулах боломжуудыг судлахыг судлаач миний зүгээс санал болгож байгаа болно.