Хураангуй:
Төгс ахиуц ашгийн хандлага (Throughput accounting) нь тодорхой, тууштай зөв шийдвэр гаргах боломжийг менежерүүдэд олгодог НББ-ийн шинэлэг арга хэрэгсэл юм.
Төгс ахиуц ашгийн хандлага нь бэлэн мөнгөний удирдлагын үндсэн бүртгэлийн арга хэрэгсэл гэдэг үүднээсээ удирдлагын илүү оновчтой, сайн шийдвэр гаргалтаар дамжуулан компанийн одоо болон ирээдүйд илүү их хэмжээний мөнгө олох чадварыг дээшлүүлдэг.
Төгс ахиуц ашгийн хандлага (Throughput accounting ) гэдэг нь байгууллагын ашигт ажиллагааг сайжруулахад шаардлагатай мэдээллээр удирдлагыг хангах удирдлагын нягтлан бодох бүртгэлийн харьцангуй шинэ хандлага юм. Энэ нь байгууллагын зорилгод хүрэхэд шаардагдах хүчин зүйлсийг тодорхойлж, байгууллагын зорилгод хүрэх энгийн хэмжигдэхүүнүүдэд анхаардаг. Энэ хандлагыг Eliyahu M. Goldratt нь өөрийн үндэслэсн хязгааралтын онол (Theory of constraints) -д суурилан гаргаж ирсэн.
Төгс ахиуц ашгийн хандлагын хэрэглээний өнөөгийн байдлын тандалтын судалгааг 10 аж ахуй нэгжээс 10 асуулттайгаар авсан. Судалгаанд хамрагдсан байгууллагууд нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төлөвлөлтийн шийдвэр гаргалтыг уламжлалт арга буюу өртөгт суурилсан ахиуц ашгийн хандлагаар хийдэг болох нь тогтоогдсон юм. Мөн ашгийг боломжит өндөр түвшинд байлгах оновчтой үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний багц бүрдүүлэх шинэлэг арга хэрэгсэл хэрэгтэй байгаа нь судалгааны үр дүнгээс гарсан юм. Асуулгын судалгааны үр дүнг сайжруулах зорилгоор “Есөн-Од Фүүд Интернэйшнл” ХХК-ийн Алтан говь шокладны үйлдвэрийн санхүүгийн тоо баримтанд тулгуурлан шинжилгээ хийж уламжлалт болон төгс ахиуц ашгийн хандлагыг харьцуулан судалсан болно.
Төгс ахиуц ашгийн хандлагыг үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагад хязгаарлагдмал нөхцөл байдал үүссэн үед /материал, машин-цаг, хүн-цаг, санхүү/ ашиглахад тохиромжтой гэдэг нь тус байгууллагын тоон шинжилгээгээр харагдлаа.