Хураангуй:
Даатгалын үйл ажиллагаа нь бүтээгдэхүүн борлуулалт, андеррайтинг, актуар тооцоо гэх мэтчилэн хэд хэдэн үйл ажиллагаанаас бүрдэх бөгөөд даатгалын үндсэн үйл ажиллагаатай шууд хамааралтай нэгэн чухал үйл ажиллагаа нь нөхөн төлбөрийн нэхэмжлэлийн удирдлага юм. Нөхөн төлбөрийн зардал нь даатгалын компанийн хувьд зайлшгүй гарах томоохон зардал боловч нэхэмжлэлийн удирдлагыг үр ашигтай хэрэгжүүлснээр энэхүү зардлыг бууруулах, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх боломжтой.
Даатгалын салбарын цаашдын чиг хандлага нь технологид суурилсан бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлэх бөгөөд Lemonade гэх даатгалын компани нь нэхэмжлэлийн удирдлагын үйл явцыг хялбаршуулсан хиймэл оюун ухаанд суурилсан шинэ технологийг ашиглан нэхэмжлэлийн төлбөрийг 3 секундэд олгосон. Lemonade-аас гадна хэд хэдэн даатгалын компаниуд нэхэмжлэлийн үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаанд суурилсан тооцоолох систем ашиглан үр ашигтай нэхэмжлэлийн удирдлагыг хэрэгжүүлж байна.
Олон улсын түвшинд даатгалын салбарын нөхөн төлбөрийн хэмжээ нэмэгдсээр 2016-2017 оны өсөлтийн хувиар нь авч үзвэл 37 орны 26 улс оронд нэхэмжлэлийн төлбөр бодит дүнгээр өссөн. Латин Америк болон Ази тивд даатгалын гүнзгийрэлт сул байгаа бөгөөд хөгжиж буй улс орнуудын хувьд 2013 онд даатгалын гүнзгийрэлт 1-4% байсан бол одоогийн байдлаар 3-7% болон өссөн байна. Харин манай улсын хувьд 0.59% болж өссөн хэдий ч хөгжиж буй улсуудтай харьцуулахад бага байгаа учир цаашид даатгалын салбар өргөжин тэлэх боломжтойг илэрхийлж байна. МУ-ын даатгалын зах зээлийн хувьд 2011 оноос хойш хураамжийн орлого 3 дахин нэмэгдсэн бол нөхөн төлбөрийн зардал 4.38 дахин нэмэгдсэн. Хураамжийн орлого нэмэгдэх тусам түүнд ногдох эрсдэл нэмэгдэж улмаар нөхөн төлбөрийн хэмжээ өсөж байна. Тиймээс даатгалын салбарын нэхэмжлэлийн удирдлагыг сайжруулах нь зайлшгүй шаардлагатай байна.
Судалгааны явцад нэхэмжлэлийн удирлагыг сайжруулах хэд хэдэн хувилбар дэвшүүлснээс хамгийн үр ашигтай байж болох хувилбар нь хиймэл оюун ухаан бүхий аппликейшн юм. Хиймэл оюун ухааныг нэхэмжлэлийн удирдлагад ашигласнаараа ажилчдын ажлын ачаалал, хэрэглэгчдийн бухимдлыг багасгах, хуучирсан удаан системийг шинэчлэх, түүхэн өгөгдлийг ашиглан зардлыг тодорхойлох таамаглах, автоматаар хохирлын үнэлгээг хийх зэрэг давуу талуудтай. Харин гарах үр дүн нь хугацаа хэмнэхээс гадна даатгалын үйлчилгээний чанарыг сайжруулан зардлыг багасгана. Цаашлаад хураамжийн орлогыг бууруулах боломжтой учир үр ашигт хувилбар гэж үзсэн.