Хураангуй:
Аливаа улс орны эдийн засгийн хамгийн чухал зүйл бол дотоодын үйлдвэрлэл үйлчилгээний түвшин байдаг. Манай улсын хувьд үйлдвэрлэлийн ялангуяа ЖДҮ-ийн хөгжил бусад улс оронтой харьцуулахад харьцангуй сул байдаг. ЖДҮ эрхлэгчдийн 70 хувь нь байнгын санхүүгийн дутагдалтай байдаг ба энэхүү хэрэгцээ шаардлагыг хангахад банкны ЖДҮ эрхлэгч нарт олгох зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзлээ.
Судалгааны хүрээнд ЖДҮ-ийн санхүүжилтийн хүртээмжийг тодорхойлох олон улсын арга аргачлалаас зээлтэй холбоотой үндсэн гол индикаторыг сонгон авч, хүртэмжийг манай улстай ойролцоо бага, дунд орлоготой орнуудын үзүүлэлттэй харьцуулан тодорхойлсон ба үзүүлэлт доогуур гарсан зээлийн олголт болон зээлийн чанарын үзүүлэлтийг цаашид дэлгэрүүлж судалсан.
Арилжааны банкны зүгээс зээл олгоход болон зээл олгосны дараа тулгардаг бэрхшээлүүдийг санал асуулгын аргаар тодорхойлж, үр дүнг SPSS программын түвшинд нэгтгэн гаргасан ба Keiser-Meyer-Olkin ба Bartlet-ийн шинжүүр, найдвартай байдлын шинжилгээ болон тусгаар байдлын шинжилгээгээр шалгаж баталгаажуулав.
Судалгаанаас зээлийн судалгааны явцад буцаагдах магадлал өндөр гарсан тул цаашид нарийвчлан судалсан ба эрсдэлүүдийг зээлдэгчээс хамаарах, банкнаас хамаарах, зээлдэгч, банкнаас үл хамаарах гэсэн 3 үндсэн хэсэгт тодорхойлж, эсрдэлүүдийг бууруулах боломжийг тус бүрт судалсан. Мөн ЖДҮ-ийн зээлийн төлбөрийн зөрчил үүсэх шалтгаанд макро орчны хүчин зүйлийн нөлөөлөл өндөр гарсан тул зээлийн чанарт тус индикаторууд хэрхэн нөлөөлж байгааг судлан үр дүнг гаргасан.
Арилжааны банкны ЖДҮ-дэд олгох зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг барьцаа хөрөнгийн үнэлгээг олон улсын стандартын дагуу үнэлэх, тус үнэлгээг банкнаас хараат бусаар үнэлэх, зээлийн эдийн засагчийг салбараар мэргэшүүлэх, ЗБДС-ийн баталгаа гаргах хувь хэмжээ болон эрсдэлийн менежментийг сайжруулах, зээлдэгчийн нэгдсэн мэдээллийн сантай болгож, зээлийн мэдээллийн сангийн системийг сайжруулах болон макро хүчин зүйлсийн нөлөөллөөс сэргийлэн эрсдэлийн удирдлагын хяналтыг сайжруулах шаардлагатай гэж дүгнэлээ.