Хураангуй:
Даяаршлын нөлөөгөөр Монгол улсын зах зээл өргөжин хөгжихийн хирээр манай улсын гадаад харилцаа бүхий л салбарт хөгжиж байна. Үүнтэй холбогдон аж ахуй нэгж байгууллага, компаниуд үйл ажиллагаагаа, гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх шаардлага гарч энэ хэрэгцээ шаардлагыг нь дагаад гадаад худалдааны асуудал чухалаар тавигдах болсон. Улс орон бүрийн өмнө хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээг хангах асуудал чухал байдаг. Зарим бүтээгдэхүүнийг өөрийн орондоо үйлдвэрлэх нь гаднаас авахаас зардал өндөр байдаг учраас улс орнууд бүтээгдэхүүн ажил үйлчилгээг хоорондоо солилцох шаардлага бий болдог. Энэхүү хил дамнасан худалдааг гадаад худалдаа гэдэг. Гадаад худалдаа эрхлэгч нь барааныхаа урьдчилгаа болон нийт төлбөрөө банкнаас зээл авч шууд гадаад гуйвуулга ашиглаж шилжүүлэхгүйгээр, бараа ачигдсны дараа эсвэл барааг хүлээж авсны дараа бүрэн бүтэн байдал болон эрсдэлээ хянасны эцэст, төлбөрийн таатай нөхцөлтэйгээр хямд эх үүсвэр ашиглан төлөх боломжийг арилжааны банкны худалдааны санхүүжилтийн үйлчилгээ олгодог юм.
Гадаад худалдаа эрхэлж буй аж ахуй нэгж байгууллагууд болон иргэд нь бараа, бүтээгдэхүүнээ санхүүжүүлэхдээ ихэвчлэн зээлийн бүтээгдэхүүнийг сонгодог. Энэ нь тэдэнд худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар өргөн хүрээний мэдлэг байдаггүйтэй холбоотой юм. Иймд уг судалгааны ажлын хүрээнд өндөр үр ашигтай гадаад худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээг судлан, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг таниулахаар зорьсон юм. Уг судалгааны ажлын хүрээнд гадаад худалдааны санхүүжилтын үйлчилгээний дийлэнх хувийг дангаар гүйцэтгэдэг Худалдаа, хөгжлийн банкийг сонгон тоон болон чанарын судалгаа хийж худалдааны санхүүжилтын өнөөгийн байдлыг судлан тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, тус банкны гадаад худалдаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудаас асуулга анкетын аргаар судалгаагаа авсан байгаа.
Дээрх судалгааны явцад гадаад худалдааны санхүүжилтын бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэхэд худалдаа эрхэлдэг байгууллагуудад Монгол банк, арилжааны банкууд, Монголын худалдаа аж үйлдвэрийн яам хамтран сургалтыг байнга зохион байгуулж, худалдааны санхүүжилтын бүтээгдэхүүний үйлчилгээний талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх нэн шаардлагатай байна.