Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол улсын байгаль орчны нөлөөллийн
үнэлгээний системийг үнэлэх замаар одоо хэрэгжиж буй болон ирээдүйд хэрэгжих уул
уурхайн төслүүдийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хэрхэн бууруулах
боломжтойг тодорхойлоход оршино.
Сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засаг, уул уурхайгаас өндөр хамааралтай
болохын зэрэгцээ энэ байдал цаашид үргэлжлэх хандлагатай байна. Үүнээс шалтгаалан
байгаль орчин доройтох, тодруулбал, хөрсний эвдрэл, гол, нуурын бохирдол, цөлжилт
зэрэг урт хугацаанд аюултай нөхцөл байдал бий болж байна. Манай улсад байгаль
орчинг хамгаалах бодлогыг шат дараалалтайгаар хэрэгжүүлж байгаа боловч “Хүрээлэн
буй орчинд үзүүлж буй нөлөөллийн индекс” (EPI)-ийн хувьд 2016 оны байдлаар 180
улсаас 114-р байрт эрэмбэлэгдэж байна. Урт хугацаанд тогтвортой хөгжих, ард иргэдийн
аюулгүй орчинд амьдрах боломжийг хангаж байхын тулд байгаль орчныг доройтуулагч
хүчин зүйлсийн нөлөөг бууруулах, цаашлаад арилгах шаардлагатай тулгарч байна.
Тус судалгааны хүрээнд хөгжиж буй улсуудын байгаль орчны үнэлгээний
системийг үнэлэх чиглэлээр дагнан судалгаа хийдэг судлаач Кристофер Вүүдийн
аргачлалд тулгуурлан Монгол улсын байгаль орчны үнэлгээний системд шинжилгээ
хийх бөгөөд байгаль орчны үнэлгээний системийн гол үүрэг гүйцэтгэгч үнэлгээний
байгууллагууд тогтвортой ажиллагаа явуулахад ямар хүчин зүйлс нөлөөлж буйг тогтоож,
гарсан үр дүнд тулгуурлан зөвлөмж боловсруулах юм.