Хураангуй:
Өнөө цагт телевизийг чанартай контентгүйгээр төсөөлөхийн аргагүй болоод байна. Ялангуяа контентын тухай ойлголт Монголын телевизийн салбарт сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдаж мөн хийгдэж байна. Судалгааны ажлын гол зорилго нь телевизийн салбар дахь монгол контентыг хөгжүүлэх боломж, арга замуудыг тодорхойлохын тулд телевизийн контентын өнөөгийн нөхцөл байдал болон хөгжлийн үе шатыг тодорхойлж гадны туршлагуудыг судлан санал зөвлөмж гаргахад оршино.
Судалгааны ажлын хүрээнд судлагдсан байдлын судалгаа, салбарын судалгаа, нэвтрүүлгийн бүтцийн судалгаа, телевиз эрхлэгч, уран бүтээлчдийн судалгаа, үзэгчийн судалгааг хийж, асуудлыг тал бүрээс шинжлэхийг зорьсон. Тухайлбал, мэргэжлийн байгууллагын гаргасан судалгаан дээр үндэслэн телевизээр гарч буй контентуудын рейтинг дээр шинжилгээ хийж телевиз үзэгчдийн зан төлөвт ямар төрлийн контент илүү хүрж байгаа талаар судлан цаашид ямар чиглэлд контент үйлдвэрлэл анхаарал хандуулах ёстой талаар судаллаа. Мөн хамгийн өндөр рейтингэй телевизийн контент үйдвэрлэгчид болон найруулагч, продюсерүүдтэй чанарын ярилцлага хийн монгол контентын хөгжилд тулгамдаж буй гол асуудлуудыг илрүүлэхийг зорилоо.