dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажлаараа арилжааны банкны дотоод аудитад залилангийн аудитын онол
арга зүйг нэвтрүүлэх, залилангийн аудитын арга, техникүүдийн талаар судалсан болно. Судалгааны
ажлын зорилго нь арилжааны банкны дотоод аудитын өнөөгийн байдлыг судалж, залилангийн
аудитын онол арга зүй, түүнийг нэвтрүүлэх талаар санал зөвлөмж боловсруулах явдал юм.
Зорилгодоо хүрэхийн тулд судалгааны обьектоороо системд нөлөө бүхий 3 банк болох Голомт банк,
Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк сонгон авч салбар нэгжүүдэд шалгалт хийдэг хянан шалгагч
нараас анкетын аргаар судалгаа авсан болно.
Онолын судалгаандаа дотоод аудит, арилжааны банкны дотоод аудит, хяналт шалгалт,
залилангийн аудитын талаар бичсэн. Өнөөгийн байдлын судалгаандаа залилангийн аудитын
өнөөгийн байдал Монгол улс болон олон улсад ямар байгааг тодорхойлон гаргаж, арилжааны
банкны дотоод аудитад тулгамдаж буй асуудлуудыг олж, дотоод аудитын газарт нэвтрүүлэх
боломжтой залилангийн аудитын арга зүй, техникүүдийг судалсан. Олон улсын судалгаандаа
Энэтхэг болон Нигери улсын арилжааны банкуудад хийгдсэн судалгааг голчлон ашигласан бөгөөд
Монгол улсын залилангийн аудитын өнөөгийн байдлыг системд нөлөө бүхий 3 банкны хянан
шалгагч нараас авсан судалгааны үр дүнгээрээ гаргахыг хичээсэн. Санал асуулгаа найдвартай
байдлыг шалгахын тулд кронбах альфагаар үнэлж, судалгааны асуулга бүрээр тархалтын цуваа
байгуулж дүн шинжилгээ хийсэн болно. Шинжилгээний үр дүнгээр харахад кронбах альфа нь 0,84
буюу найдвартай гэж гарлаа.
Итгэмжлэгдсэн залилан шалгагчдын холбоо нь залилангийн эсрэг дэлхийн хамгийн том
байгууллага бөгөөд дэлхийн ихэнх орнууд гишүүнээр элссэн байдаг ч Монгол улс гишүүнээр элсэж
ороогүй байгаа юм. Монгол улс гишүүнээр элссэнээр залилангийн аудитын онол арга зүйг
нэвтрүүлэх, дотоод аудитын газартаа залилангийн хянан шалгагчтай болох, залилангаас урьдчилан
сэргийлэх, илрүүлэхэд маш ач холбогдолтой болно гэж үзлээ.
Залилангаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах зэрэг залилангийн эсрэг
суурь механизмууд юм. Эдгээр нь залилангийн эрсдлийг удирдахад банкинд тусалдаг ба олон улсад
энэхүү механизмыг ашиглаж байгаа арилжааны банкуудын өгөөж нэмэгдэж, залилангаас үүдэн
гарсан зардал буурсан байна. Залилангийн алдагдлыг хязгаарлаж зардлыг хамгийн үр ашигтай
байлгах арга бол залилангаас урьдчилан сэргийлэх явдал юм. Залилангийн эсрэг шалгах хүснэгтийг
ашигласнаар байгууллагад залилангаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр ашигтай байлгахад
туслах боломжтой. Арилжааны банкууд нь салбар нэгжид хийгддэг хяналт шалгалтдаа залилангийн
эсрэг менежментийг бий болгосноор залилангийн тохиолдлоос урьдчилан сэргийлж, залилангаас
үүсэх алдагдлыг бууруулах, залилангийн тохиолдолд авах хариу арга хэмжээг хурдан шуурхай
тодорхойлоход чухал ач холбогдолтой. Иймд Монголын арилжааны банкуудын онцлогт тохируулан
ашиглаж, цаашид хөгжүүлэх боломжтой залилангийн аудитын аргазүй, залилангийн эсрэг
механизмуудыг тодорхойлсон болно.
Мөн арилжааны банкны дотоод аудитад хэд хэдэн тулгамдсан асуудлууд байгаа бөгөөд
тэдгээрийг шийдвэрлэн, дотоод аудитын газартаа хэрэгжүүлэх боломжтой залилангийн аудитын
тогтолцоо, арга зүй, механизмуудыг тодорхойлохыг хичээлээ.
Арилжааны банкны дотоод аудитад ашиглах боломжтой судалгааны үр дүн болон нэвтрүүлэх
боломжтой аргазүй, механизмдаа тохирсон санал зөвлөмжүүдийг гаргалаа. |
en_US |