dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажлын зорилго нь бизнесийн байгууллагын санхүүгийн тайлангийн шинжилгээ, түүнийг шийдвэр гаргалтанд ашиглаж буй өнөөгийн байдалд дүгнэлт өгөх, шинжилгээний арга зүйг сайжруулах боломжит хувилбарыг тодорхойлох, үр дүнг шийдвэр гаргалтанд ашиглах замаар санхүүг оновчтой удирдах боломжийг нэмэгдүүлэхэд оршино. Ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажилтнуудаас санхүүгийн тайлангийн шинжилгээний хэрэглээ, санхүүгийн эрсдэлийн удирдлага, хэмжих арга барилыг судлах зорилгоор анкетийн судалгаа авахад байгууллага бүр санхүүгийн тайланг тогтмол гаргадаг ч санхүүгийн тайлангийн шинжилгээг өргөн хэрэглэдэггүй, шийдвэр гаргалтанд ашигладаггүй, мөн судалгаанд хамрагдагсдын 52% нь санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахын тулд санхүүгийн эрсдэлээ огт хэмждэггүй гэсэн үр дүн гарсан. Нийт судалгаанд хамрагдагсдын 73% нь санхүүгийн тайлангийн шинжилгээ хийх бодит хэрэгцээ байгаа гэсэн хариултыг өгсөн.
Ноолуурын салбарын хамгийн том төлөөлөгч Говь ХК болон салбарын бас нэг төлөөлөгч Эрдэнэт Кашмер ХХК-уудыг жишээ байгууллага болгон сонгож авсан. Компаниудын өнгөрсөн гурван жилийн санхүүгийн тайланд капиталын бүтэц, төлбөрийн болон хөрвөх чадвар, ашигт ажиллагааны шинжилгээг хийж, эрсдэлийн иж бүрэн үнэлгээний загвар, санхүү эдийн засгийн байдлыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдээр компаниудын санхүүгийн байдлыг үнэлсэн. Мөн Альтман, Таффлер, Лисо, Беликовын дампуурах эрсдэлийн магадлалыг хэмждэг дөрвөн төрлийн загвар ашиглан компаниудын санхүүгийн хүндрэлийг хэмжсэн. Шинжилгээнүүдийн үр дүнгээс харахад Говь ХК нь гурван жилийн хувьд ашигт ажиллагааны түвшин хангалттай, төлбөрийн чадвартай, санхүүгийн хувьд тогтвортой байсан бол Эрдэнэт Кашмер ХХК-ийн хувьд хөрөнгийн бүтэц хангалтгүй, санхүүгийн байдал тогтворгүй, төлбөрийн чадвараа боломжит түвшинд байлгахад ашигт ажиллагаа нь хүрэхгүй байгаа гэсэн үр дүн гарсан. Говь ХК нь олон нийтэд нээлттэй, эрсдэлийн удирдлагын багтай, санхүү эдийн засгийн шинжилгээнүүдийг тогтмол хийдэг, үр дүнг ирээдүйн шийдвэр гаргалтанд ашигладаг учир байгууллагын санхүүгийн байдал сайн байсан. Харин Эрдэнэт Кашмер ХХК нь санхүүгийн тайлангийн шинжилгээг тогмол хийдэггүй, үр дүнг шийдвэр гаргалтанд төдийлөн ашигладаггүй байдал нь компанийн санхүүгийн хүндрэлтэй байдлын шалтгаануудын нэг байж болох юм гэж үзсэн.
Дампуурах эрсдэл бага болон их компанийн хамгийн их ялгаатай байгаа гурван үзүүлэлтийг t тест ашиглан тооцсон, мөн ашигт ажиллагааны гол үзүүлэлтүүд болох өөрийн хөрөнгийн өгөөж, нийт хөрөнгийн өгөөжид нөлөөлөгч хүчин зүйлсийг олон хүчин зүйлийн регрессийн болон панел төрлийн шинжилгээгээр эконометрикийн Eviews 9 програмыг ашиглан ямар хүчин зүйл яаж нөлөөлж байгааг тогтоосон. Судалгааны үр дүнд үндэслэн хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлж болох хувилбарыг Эрдэнэт Кашмер ХХК-ийн хувьд санал болгосон болно. Мөн санхүүгийн KPI үзүүлэлтүүдийг тодорхойлж, тэдгээрийн зорилтот утгыг тооцоолсон. |
en_US |