Хураангуй:
Цахилгаан холбооны салбар аналог төвшинд үүсэж хөгжсөн цагаас орчин үеийн үүрэн холбооны үе хүртэл хувьсан өөрчлөгдөхдөө бүхэлдээ хүний нийгмийн харилцан холболтын төлөө байсан бөгөөд бизнес эдийн засгийн харьцангуй шинэ технологийн салбар байна. Дэд бүтэц мөн технологи хөгжих хэрээр хүний нийгмийн харилцан холболт тасралтгүй өсөн нэмэгдэж байсан бөгөөд одоо ч энэ салбар тасралтгүй өргөжин тэлж олон шинэ боломжийг хэрэглэгчид хүргэж байгаа болно. Орчин үеийн үүрэн холбооны операторуудын өрсөлдөөний чиг хандлага тэр дундаа хамгийн үүрэн холбооны салбарын хамгийн чухал зүйл болох хамрах хүрээний өрсөлдөөний чиг хандлагыг тодорхойлохын тулд өрсөлдөөн, өрсөлдөөний орчин, компанийн өрсөлдөх чадвар, өрсөлдөөний стратеги, хөх тэнгис стратеги гэсэн онолуудыг судаллаа.
Мөн үүрэн холбооны сүлжээний хөгжил, ухаалаг утасны хөгжлийн төвшин хаана явж байгааг тодорхойллоо.
Энэхүү судалгааны ажилд дэлхийн улсуудын үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо, операторуудын технологи нэвтрүүлэлт, орлого, хөрөнгө оруулалт зэргийг судаллаа. Хөгжингүй орнуудаас БНХАУ-ыг сонгон оператор компаниуд нь хэрхэн үйл ажиллагаа явуулж байгаа талаар судалсан.
Эдийн засаг болон хүн амын тоогоор дэлхийд тэргүүлж буй БНХАУ-ын үүрэн холбооны зах зээлийг тэргүүлэгч 3 оператор компани нь үүрэн холбооны дараа үеийн сүлжээний дэд бүтцэд байнгын хөрөнгө оруулалтыг хийн хамрах хүрээгээ нэмэгдүүлж өөрсдийн баримталсан стратегийн дагуу хэрэглэгчдийн тоогоо өсгөж байна. Сүлжээний дэд бүтцийг хоцорч хийсэн операторууд хэрэглэгчдээ алдаж байна. Операторууд ухаалаг утасны хэрэглэгчдийн сонирхол, эрэлт хэрэгцээг мэдэрч ухаалаг утас борлуулах, лизингийн үйл ажиллагааг эрхэлж байна. Мөн тэргүүлэгч операторууд хөдөлгөөнт интернетэд суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж байна.
Монгол улсын үүрэн холбооны оператор компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи, үнэ, урамшуулал, авто зам дагуу хамрах хүрээний судалгаа, зах зээлд эзэлж байгаа хувь, мөн сүлжээ оруулсан газрын үйл ажиллагааны судалгааг хийсэн. Эдгээрийн үр дүнд зах зээлд технологийг хамгийн түрүүлж нэвтрүүлдэг, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлдэг оператор нь хэрэглэгчдэд илүү хоногшдог, тэргүүлэгч байдаг юм байна. Монгол улсын мэдээлэл харилцаа холбооны салбарын дэд салбарууд интегралчлах буюу нэгдэн нийлсэн бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаж байгаа нь технологийн дэвшилтэй уялдан энэ салбарт гарч буй өөрчлөлт юм.
Өнөө, ирээдүйн Монголын үүрэн холбооны салбарын өрсөлдөөнт зах зээлд эзлэх хувиа хадгалах болон нэмэгдүүлэхийн тулд салбарын компаниуд ямар стратеги баримтлахыг энэхүү судалгааны ажлаараа тодорхойлохыг зорьсон болно.