Хураангуй:
Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд амьдарч буй 220,000 өрхийг инженерийн дэд бүтцэд холбох, орчин үеийн орон сууцны хороолол болгохоор Төр захиргааны байгууллга, Төсөл хэрэгжүүлэгч, газрын эзэн гэсэн гурван тал хамтран ажиллаж байна. Талуудын хамтын ажиллагаа, дахин төлөвлөлтийн үе шат, үйл явц нь одоо байгаа хууль болон түүнтэй дагалдан гарсан журмуудын хүрээнд зохицуулагдаж байна. Талууд дараах үүрэг хүлээж дахин төлөвлөлтөд оролцож байна. Үүнд:
• Төр үйл явцыг удирдах, хяналт тавих, зохицуулах
• Төсөл хэрэгжүүлэгч нь газрын эзэмшигчтэй тохирох, нүүлгэн шилжүүлэх, тухайн газарт барилга барих
• Газрын эзэн нь тухайн газар дээр хэрэгжиж буй төсөлтэй танилцах, өөрсдийн санаа бодлоо тусгах, тохиролцсоны дагуу газраа чөлөөлөх гэсэн үүргийг хүлээн дахин төлөвлөлтөд оролцож байна.
Гэвч 2008 оноос хойш хэрэгжиж эхэлсэн энэхүү үйл явц нь бодитой үр дүнд хүрч чадахгүй байгааг одоо бидэнд тулгарч байгаа агаар хөрсний бохирдол болон гэр хорооллын бүсэд баригдаж буй орон сууцны тоогоос харж болохоор байна.
Иймээс удаашралтай ойлгомжгүй асуудлууд ихтэй гэр хорооллын дахин төлөвлөлтийн оролцогч талуудын эрх үүрэг, дахин төлөвлөлтийн одоо явагдаж буй үе шат үйл явц нь дахин төлөвлөлтөд хэрхэн нөлөөлж буй талаар судалж дүгнэн, илрүүлсэн асуудал, учир дутагдалуудыг сайжруулах санал боловсруулах зорилгоор “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл явцад оновчтой загвар боловсруулах нь” сэдвээр судалгааны ажлыг хийхээр зорилоо.
Тус судалгааны ажлыг хийснээрээ онол арга зүйн судалгааг хэрхэн хийх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдсэн ажил, холбогдох хууль журам, оролцогч талуудын эрх, үүрэг, дахин төлөвлөлтийн үе шатын талаар дэлгэрэнгүй мэдэж авлаа.