Хураангуй:
Хүний СХУБ нь хувь хүн болон байгууллагын амжилттай эерэг хамааралтай тухай олон ном, судалгааны ажлууд нотолдог. Борлуулалтын ажилтнуудын хувьд харилцагч буюу худалдан авагчтай ойлголцож, сайн харилцаатай байх нь борлуулалтад чухал нөлөөтэй ба СХУБ нь үүнд эерэгээр нөлөөлдөг байна. Монгол хэл дээр СХУБ, түүний үнэлгээтэй холбоотой ажлууд хомс байгаа бөгөөд энэ төрлийн судалгааны ажлууд ихэд үгүйлэгдэж байгаа тул судлаач миний бие борлуулалтын ажилтнуудын төлөөлөл болгон MCS группийн Анунгоо ХХК болон Маркет Гэйт ХХК дээр СХУБ-ын үнэлгээг Genos EI Inventory аргаар хийсэн болно.
СХУБ-ын онол загвар, үнэлгээний аргуудыг судлан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний хэрэгслийг Монгол хэл дээр орчуулан ашиглахад тохиромжтой эсэх, мөн СХУБ болон борлуулалтын ажилтны нас, хүйс, боловсрол, ажлын туршлага, албан тушаал, KPI үнэлгээ зэргийн хамаарлыг судлах нь судалгааны ажлын минь зорилго болно.
Судалгааны үр дүнд сонгон авсан үнэлгээний хэрэгсэл (Genos EI Inventory) нь найдвартай байдлын шинжилгээгээр Кронбахын альфа 0.915, Genos гарын авлагад заасан шаардлагуудыг ерөнхийдөө хангаж байгаа буюу Монгол хэл дээр орчуулан ашиглаж болохоор байна гэж үзсэн. Шаардлагатай зарим нэг шинжилгээг хийхэд түүврийн хэмжээ тохиромжгүй байсан ба судалгааны ажлын үр дүнд СХУБ-ын оноо бусад орны 5000 орчим хүн дээр хийгдсэн үнэлгээний дунджаас 27 оноогоор доогуур гарсан. СХУБ нь судалгаанд оролцсон борлуулалтын ажилтнуудын хүйстэй сул хамааралтай буюу эмэгтэйчүүдийн СХУБ эрэгтэйчүүдийнхээс өндөр, борлуулалтын ажилтнуудын KPI үнэлгээ нь нийт СХУБ-тай эерэг сул хамааралтай гэсэн үр дүн гарсан.