Хураангуй:
Монгол улсын нийгэм, эдийн засгийн амьдралд гарч буй өөрчлөлт, шинэчлэл, бүтээн байгуулалт нь хөдөлмөрийн зах зээлд шууд нөлөөлж, ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдлыг бий болгож байна. Хүн ам, тэр дундаа залуучуудын хөдөлмөр эрхлэлт болон бизнес эрхлэлтийн асуудал улс орнуудын төрийн бодлого, үйл ажиллагааны хүрээнд чухал байрь суурь эзэлдгийг олон улсын судлаачид баталсан байдаг. 2007 оноос хойш Олон улсын хөдөлмөрийн зах зээл болон Монгол улсын хөдөлмөрийн зах зээл дээр тулгарч буй асуудлын нэг нь залуучуудын хөдөлмөр эрхлэлт, ажилгүй залуучуудын тоо жил бүр өссөөр байна. 2016 онд Азийн сангаас явуулсан судалгаагаар улсын хэмжээнд ажилгүй иргэдийн 59 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа нь зайлшгүй хөндөгдөх асуудал болоод байна. Дэлхийн улс орнуудын туршлагаас үзэхэд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд гарааны бизнесийг дэмжих нь нэг чухал арга зам болдог. Гарааны бизнесийг бий болгох таатай орчин буюу экосистем Монгол улсын хэмжээнд ямар түвшинд байгаа талаар судлах шаардлагатай байна.
Тиймээс энэхүү судалгаагаараа залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдлыг тодорхойлон, гарааны бизнесийн экосистемийг судлан, Монгол улсын гарааны бизнесийн экосистемийн өнөөгийн байдлыг гарааны бизнес эрхлэгч компаниудаар үнэлүүлэн, санал зөвлөмж боловсрууллаа. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, гарааны бизнесийн экосистемийн өнөөгийн байдлыг хоёрдогч мэдээлэлийн эх үүсвэр ашиглан баримт бичгийн аргаар судлан, Монгол улсын гарааны бизнесийн экосистемийн өнөөгийн байдлыг гарааны бизнес эрхлэгч 15-34 насны өөрийн ажлын хүрээндэх бүртгэлтэй 20 гарааны бизнес эрхлэгч компаниудыг хамруулан анкетийн аргаар судаллаа. Шинжилгээний үр дүнд гарааны бизнесийн компаниудад чадварлаг боловсон хүчин дутмаг, хууль, эрх зүйн орчин хязгаарлагдмал, санхүүжилт авахад хүндрэлтэй, төрийн дэмжлэг хангалтгүй, гарааны бизнесүүдийг дэмждэг бүтэц байхгүй зэрэг хүндрэл бэрхшээлтэй байгаа нь Монгол улсад гарааны бизнесийн экосистем бүрдээгүй байгааг тод томруун харуулж байна. Гарааны бизнесийн компаниуд нь хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалт, сургалт, зөвлөгөө, чадварлаг боловсон хүчин, татварын хөнгөлөлт, хууль, эрх зүйн таатай орчин зэргийг хүсэж байна. Тиймээс гарааны бизнесийн экосистемийн (ур чадвар, соёл, нэгдмэл хамтын ажиллагаа, капитал, хууль эрх зүй) хөгжилд анхаарал хандуулах шаардлагатай байна. Гарааны бизнесийн таатай орчинг бий болгосноор гарааны бизнес оршин тогтнож хөдөлмөр эрхлэлт төдийгүй эдийн засаг, аж аухйн эрхлэлтэд эерэгээр нөлөөлөх юм.