Хураангуй:
Агентын онолын дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн зүгээс гүйцэтгэх удирдлагыг хянах хяналтыг дотоод аудитаар дамжуулан хэрэгжүүлдэг. Дотоод аудитын алба нь ажил үүргийн хувьд ТУЗ-д шууд харьяалагдан, гүйцэтгэх удирдлагын хэрэгжүүлж буй эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцоо болон компанийн хамтын удирдлагын үйл явцын үр ашигт байдлыг үнэлж, ТУЗ-д баталгаа олгохын зэрэгцээ гүйцэтгэх удирдлагад үйл ажиллагааг сайжруулах зөвлөмж өгч, засаглах болон гүйцэтгэх удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангана. Эрсдэлд суурилсан арга зүй нь байгууллагын дотоод хяналтын үр ашигт байдлыг үнэлэхдээ удирдлагаас хэрэгжүүлж буй бизнесийн эрсдэлүүдийг таньж мэдэх, үнэлэх, удирдах тогтолцоог бүрдүүлсэн байдалд үнэлэлт дүгнэлт өгөхөд чиглэгдэнэ. Гэр бүлийн мэдэлд байдаг бизнест нэг хүн олон давхар үүрэг гүйцэтгэж, хариуцлага хүлээж болдог учраас асуудал илүү нарийн төвөгтэй болдог. Ийнхүү олон давхар үүрэг хүлээдэг нь олон янзын хөшүүрэгтэй холбоотой тул гэр бүлийн бизнесүүд гэр бүлийн бус бизнестэй харьцуулахад илүү олон бэрхшээлтэй тулгардаг байна
Таамаглал: Нийт аж ахуйн нэгж байгууллагын дийлэнхийг компаниуд эзэлж байгаа ба гэр бүлийн компанийн засаглалын өнөөгийн дүр төрхөд үүсгэн байгуулагч (эзэн) нь бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлж, зөвхөн хань, үр хүүхдээ мэдлэг, чадвараас нь хамааран гүйцэтгэх засаглалдаа багтаасан байдаг. Эдгээр гэр бүлийн гишүүдийн дотоод аудитад өгөх ач холбогдол сул байгаагаас дотоод аудитын тогтолцоо зүй ёсоор хэрэгжихгүй байх, эрсдлийн удирдлага дутагдалтай байх, дотоод аудитын хэрэгжилтийг дэмжихгүй байхад нөлөөлж байна гэсэн таамаглал дэвшүүлж байна. Цаашид дотоод аудитын үйл ажиллагаанд тулгарч буй асуудлуудыг тодорхойлон сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.
Зорилго: Групп компаниудын дотоод аудитын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэн, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон сайжруулах талаар санал, зөвлөмж боловсруулах.
Судалгааны арга зүй, дизайн: Дотоод аудитын өнөөгийн байдлын судалгаа хийхдээ салбарын нийт 54% -ийг судалгаанд хамруулсан. Судалгааны ажилд ажиглалт, хийсвэр сэтгэлгээний арга, ярилцлага, асуулга, хүснэгт графикийн эмпирик судалгаа, нэгтгэн дүгнэх аргуудыг ашигласан. Судалгааны мэдээллийг IBM SPSS Statistics 23.0v, MS Excel программ ашиглан дүн шинжилгээ хийсэн.
Үр дүн: Дүн шинжилгээний үр дүнд дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандартын мөрдөлт хангалтгүй, ТУЗ нь дотоод аудитын хэрэгжилтийг дэмждэггүй гэсэн таамаглал батлагдсан үзүүлэлттэй гарсан. Судалгааны үр дүнд үндэслэн дүгнэлт, санал зөвлөмж боловсруулсан.