Хураангуй:
ТОВЧ ХУРААНГУЙ
Өнөөдөр олон улсад төдийгүй монгол улсад жижиг дунд бизнесийг хөгжүүлэх, бизнес инкубатор төвүүдийг байгуулах ажлуудыг эрчимтэй хэрэгжүүлж байна. Шинэчлэлийн засгийн газрын 2012-2016 он, 2016-2020 оны хөтөлбөрүүдэд бизнес инкубатор төвүүдийг байгуулах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих ажлуудыг хэрэгжүүлэхээр багтаасан байдаг.
Олон улсын сүүлийн үеийн судалгаагаар бизнес инкубатор төвүүдийн онол, үе шат, ангилал, үнэлгээ, олон улсын туршлага гэх мэт маш олон нарийн судалгаанууд хийгдсээр байгаа бөгөөд эрэлт нийлүүлэлтийг түлхүү судалсан байна. Гэтэл монголд энэ төрлийн судалгаа ховор байгаа юм.
Бизнес инкубатор төвүүдийн үйл ажиллагаа хангалтгүй, бизнес эрхлэгчид энэ төвүүдийн талаар ойлголтгүй байна гэсэн асуудлын хүрээнд би энэхүү судалгааны ажлаараа Монголын бизнес инкубатор төвийн үйлчилгээний нийлүүлэлт ба бизнес эрхлэгчдийн эрэлтийн уялдааг судлах замаар өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж, бизнес инкубатор төвүүд цаашид үйл ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх боломжид санал зөвлөмж гаргах зорилго тавьж ажиллалаа.
Энэ зорилгодоо хүрэхийн тулд гадны болон дотоодын судлаачдын судалгаануудад дүн шинжилгээ хийж нийлүүлэлт тал болох монголын бизнес инкубатор төвүүдийг ангилаад, инкубацийн үе шатуудыг тодруулан, инкубатор төвийн хөгжлийн мөчлөгийг дэлгэрэнгүй судалсан. Мөн Юуг? Хэрхэн? Хэр их? хэмжээгээр гэсэн онол арга зүйн үндэслэлээр эрэлт нийлүүлэлтийн уялдааг тодорхойллоо. Сонгосон онолд үндэслэн улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнес инкубатор, Мэдээлэл технологийн үндэсний паркийн бизнес инкубатор, Сүхбаатар дүүргийн ЖДҮДТ-с чанарын судалгаа хийсэн. Бизнес эрхлэгчдийг төлөөлүүлж компьютер худалдааны чиглэлийн 45 бизнес эрхлэгчдээс тоон судалгаа хийж, дээрх судалгаануудын нэгдсэн үр дүнг өмнө судалсан Г.Галаарийдий судлаачийн үр дүнтэй харьцуулан жишиж үзлээ. Өнөөгийн нөхцөл байдлыг тодорхой харуулахын тулд нэмж бизнес инкубатор төвүүдийн цахим хуудсанд баримт бичгийн шинжилгээ хийсэн. Салбарын өнөөгийн байдлыг дэлгэрэнгүй судалж бусад судалгаанууддаа ашигласан. 2012-2016 онд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн даргаар ажилласан Б.Одгэрэлтэй экспертийн ярилцлага хийж бизнес инкубатор төвүүдийн одоогийн нөхцөл байдал цаашдын чиг хандлагыг тодруулан үр дүнг санал зөвлөмжид ашигласан.
Нийт судалгааны үр дүнгүүдээс нэгтгэн үзэхэд монгол улсын бизнес инкубатор төвүүд олон улсын хөгжлийн түвшнээс хамгийн багадаа 37 жилээр хоцрогдож, хөгжлийн 3 эрин үе байдгийн анхны буюу дэд бүтэц-үйлдвэрлэлийн эрин үед хамаарагдаж байгааг миний судалгаа баталлаа. Энэ үед бага өртөгтэй байр талбайг ЖДҮ-д үзүүлэхэд чиглэгдэж байсан бөгөөд бид цаашид Мэдлэгт суурилсан үйлчилгээ, сургалтын дэмжлэг болох 2-р эрин үерүү дэвших шаардлагатай. 2-р үе нь бизнесийн нэмэлт дэмжлэгүүд ба шинжлэх ухаан, менежментийн чиглэлээр мэргэшсэн сургалт, зөвлөгөө өгөх, бусад мэдлэгт суурилсан үйлчилгээнд чиглэгдэх юм.