Хураангуй:
Орчин үед улс орон бүрд нийлүүлэлтийн гинжин хэлхээний удирдлагын судалгаанууд хийгдэж байна. Байгууллагууд дэлхийн зах зээл болон сүлжээнд холбогдсон эдийн засагт өрсөлдөхийн тулд үр ашигтай нийлүүлэлтийн гинжин хэлхээний удирдлагыг ашиглах шаардлага тулгарч байгаа бөгөөд эрсдэл болон гүйцэтгэлийг сайжруулах арга замаар хийгдсэн судалгаанууд олон байдаг.
Монгол улсад сүү, махны салбарт нийлүүлэлтийн гинжин хэлхээний судалгаа хийгдсэн боловч цайны салбарт хийгдээгүй бөгөөд цайны компаниудын удирдлагууд нийлүүлэлтийн гинжин хэлхээний удирдлагын талаарх ойлголт хангалтгүй байгаа нь тандалтын судалгаанаас илэрсэн. Тиймээс цайны нийлүүлэлтийн гинжин хэлхээний зураглалыг гаргаж, нийлүүлэлтийн гинжин хэлхээний удирдлага тус бүрийн хэрэгжилтийн өнөөгийн байдлыг тодорхойлж эдгээр нь байгууллагын гүйцэтгэлд нөлөөлөх нөлөөллийг судлах зорилго тавьсан.
Судалгааны онолын хүрээнд нийлүүлэлтийн гинжин хэлхээ болон удирдлага, байгууллагын гүйцэтгэлийг багтаасан. ХХААХҮЯ-аас мэдээлснээр 2017 онд 40 гаруй дотоодын цайны үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Санаатай түүврээр цайны салбарын таван компанийг сонгон авч нийлүүлэлтийн гинжин хэлхээний зураглалыг гаргаж, тухайн таван компанийн нийлүүлэлтийн гинжин хэлхээний удирдлагыг үнэлснээр эдгээр нь байгууллагын санхүүгийн үзүүлэлт буюу байгууллагын зах зээлд эзэмших хувь болон борлуулалтад нөлөөлөх нөлөөллийг судалсан. Сонгон авсан 5 компанийг кейс судалгааны арга зүйгээр судалж ярилцлагын шинжилгээ хийсэн болно.
Судалгааны үр дүнд нийлүүлэлтийн гинжин хэлхээний эхний шат болох малчид цайны навчийг түүж бэлтгэн нийлүүлэгчид өгдөг. Бэлтгэн нийлүүлэгч гэрээт цайны үйлдвэрт түүхий эдийг хүргэж өгч боловсруулалтад орсноор эцсийн бүтээгдэхүүнийг тухайн компани өөрийн нэрийн дэлгүүр, захууд болон түгээлтийн компаниар дамжуулан дэлгүүрт очсоноор эцсийн хэрэглэгчид хүрдэг. Таван компанийн хувьд нийлүүлэлтийн гинжин хэлхээний бэлтгэн нийлүүлэгчтэй харилцах удирдлага болон стратегийн бэлтгэн нийлүүлэгчийн хамтын ажиллагааны хэрэгжилт сайн байгаа бол нийлүүлэлтийн гинжин хэлхээний интеграц хангалтгүй байна. Борлуулалт, зах зээлд эзлэх хувь хэмжээ өндөр компани нь нийлүүлэлтийн гинжин хэлхээний удирдлагыг бусад компаниудтай харьцуулахад сайн хэрэгжүүлдэг нь ажиглагдлаа.