Хураангуй:
Суудлын автомашины зах зээл нь манай Монгол улсад сүүлийн 5 жилтэй харьцуулахад нийт импортын хэмжээ жил ирэх тусам 3 хувиар өсч 2010 онд 3,4 тэрбум байсан бол 2015 онд 3,98 тэрбум болон өссөн үзүүлэлттэй байна. Автомашин худалдан, борлуулдаг албан ёсны эрхтэй дистрибьютор байгууллагууд болон хувь хүмүүс нь зах зээлд хэрхэн байршихаас хамааран өрсөлдөөний ялгаатай давуу талуудыг бий болгосоор байна. Энэхүү салбар нь тансаг зэрэглэлээс эхлээд энгийн суудлын автомашин болон сэлбэг хэрэгслийг хэрэглэгчдэд санал болгодог ба зорилтот хэрэглэгчдээ хамгийн сайн ойлгож, мэдэрч тэдэнд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож чадсан нь энэ салбарт өндөр амжилттай явах боломжтой байна. Хэрэглэгчдээ таньж, мэдэн хэрэглэгчдээ таньж, мэдэн тэдний худалдан авах шийдвэр гаргалтад нөлөөлөх хүчин зүйлсийг судалснаар маркетингийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Энэхүү дипломын ажлын гол зорилго нь "Range Rover автомашин хэрэглэгчдийн худалдан авах шийдвэр гаргалтад нөлөөлдөг хүчин зүйлсийг судлах" ба судалгааны үр дүнд үндэслэн санал зөвлөмж боловсруулахад оршино. Судалгааны ажлын гол объект болох “Вагнер Ази Автомотив ХХК”-ий оруулж ирдэг Range Rover тансаг зэрэглэлийн суудлын автомашины хэрэглэгчдийн зан төлөвийг тодорхойлсон болно. Судалгааны арга зүйг тодорхойлохдоо чанарын судалгааны арга болох ганцаарчилсан гүнзгийрүүлсэн ярилцлага /IDI/ болон анкетын асуулгын аргыг хослуулан ашигласан болно. Энэхүү судалгааны аргыг ашигласнаар судалгаанд оролцогчдын санаа бодол, үнэлэлт, дүгнэлтийн талаар илүү гүнзгийрүүлэн ярилцан мэдээлэл цуглуулах боломжтой юм. Судалгааны асуулгын загварыг боловсруулахдаа эрдмийн ажлын зорилго, зорилтуудтай уялдуулан хэрэглэгчийн 7О болон маркетингийн 4Пи загварыг ашиглан боловсруулсан болно. “Вагнер Ази Автомотив ХХК” компаний “Range Rover” худалдан авсан нийт давхардсан тоогоор 240 хүний утасны бүртгэлээс нийт 42 хүнтэй холбогдон уг судалгааг авсан болно. Судалгааны үр дүнгээс харахад хэрэглэгчдийн худалдан авах шийдвэр гаргалтанд нөлөөлдөг онцгой хүчин зүйлсийн нэг нь хүлээлтээс давсан үнэ цэнийг хэрэглэгчдэд бий болгодогт байгаа юм. Энэ нь зөвхөн “Range Rover”-т байдаг тусгай тоноглол, инженерийн гайхалтай ур ухааныг шингээсэн гаднах чамин хийц загвар, дотоод тансаг интерьер дизайн болон ухаалаг үйлдлийн системүүд нь энэ брендийг сонгох хүчин зүйлс болж өгдөг байна. Тав тухын хаан гэгдэх энэ брендийг сонгох хэрэглэгчдийн хувьд өөрийгөө үнэлэх, тансаг мэдрэмжийг төрүүлэх ТАВ ТУХ хэмээн судалгаанд оролцогчдийн 30% хүртэлх хувь нь хариулсан байна.