Хураангуй:
Гүйцэтгэлийн аудитын үр дүн, үр ашгийг сайжруулах оновчтой шалгуур
үзүүлэлтүүдийг арилжааны банкны салбарын онцлогт тохируулан тодорхойлж, цаг
хугацаа, хүч хөдөлмөр хэмнэх, аудитын ажлын үр дүнг сайжруулах арга замыг
боловсруулах нь судалгааны ажлын зорилготой ба хамрах хүрээний хувьд Монгол
улсад үйл ажиллагаагаа явуулж буй арилжааны банкууд бөгөөд нийт 42 аудитор, 189
банкны бусад ажилтнуудаас судалгааг авсан болно.
Арилжааны банкны дотоод аудитын нэгж нь ТУЗ-өөс томилогдох ба
гүйцэтгэлийн аудитыг хийж банкны бизнес төлөвлөгөө, зорилго зорилтууд, үүрэг
даалгаврын биелэлтийг хангуулах, эрсдэлийг илрүүлэн үнэлэх, бууруулах, цаашид
учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, банкны тухай хууль
тогтоомж болон Монголбанк, тухайн банкнаас дотооддоо хэрэгжүүлэхээр баталсан
журам, заавар, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, тогтоосон шалгуур үзүүлэлтүүдийн
биелэлтийг хангах, банкны үр ашгийг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй юм.
Энэхүү судалгааны ажилдаа гүйцэтгэлийн аудитын судалгааг хоёрдогч эх
үүсвэрээс судалж тэнцвэржүүлсэн үнэлгээний картын аргачлалыг ашиглан аудитын
дотоод үйл ажиллагаа, хэрэглэгч, хөгжил ба инноваци, санхүү төсөв гэсэн үндсэн хүчин
зүйлүүдийг авч үзсэн ба судлаачийн зүгээс эдгээр нь гүйцэтгэлийн аудитын шалгуур
үзүүлэлтийг тодорхойлох гол хүчин зүйлс гэж үзсэн.
Мөн аудитын үйл ажиллагааны үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд шалгуур
үзүүлэлтийг оновчтой болгохоос гадна дотоод аудитын нэгжийн эрсдэлийн удирдлага
болон компанийн засаглал дахь үүрэг, хариуцлага, аудиторуудын мэдлэг, ур чадвар,
олон улсын стандартад нийцсэн аудитын журам, гарын авлага, мөн хэрэглэгчтэй үүсгэх
харилцаа холбоо зэрэг бусад хүчин зүйлүүдийг сайжруулж, хөгжүүлэх нь шаардлагатай
нь судалгааны ажлын үр дүнгээс харагдаж байна.
Тус судалгааны ажлыг хийснээрээ онол арга зүйн судалгааг хэрхэн хийх,
тэнцвэржүүлсэн үнэлгээний картын аргачлалыг хэрхэн байгууллагадаа ашиглах,
хоёрдогч эх үүсвэрээс баримт бичгийн аргаар хэрхэн судалгаа хийх, асуулга анкетыг
хэрхэн боловсруулах арга замыг мэдэж авлаа. Түүнчлэн судалгааны загвар, дизайныг
оновчтой тодорхойлох, судалгааны түүвэр, асуултын найдвартай байдал зэргийг
тооцоолох, мөн үр дүнг судалгааны spss20 програм ашиглан шинжилснээр
статистикийн утгуудыг судалж мэдлээ