Хураангуй:
2017 оны байдлаар нийт өрхийн зээлийн үлдэгдлийн хэмжээ
санхүүгийн байгууллагын нийт зээлийн 49%-ийг эзэлж байна. Энэ нь иргэдийн зээлийн
чанар, өрхийн салбарын эмзэг байдал, цаашлаад арилжааны банкуудын зээлийн алдагдал
болон санхүүгийн системийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлөх тухай асуудлыг
гаргаж байгаа юм. Энэхүү судалгааны гол зорилго нь Монголын Өрхийн нийгэм эдийн
засгийн судалгааг ашиглан өрхүүдийн зээлээ төлөх чадварыг үнэлэн, банкны секторт
учирч болзошгүй зээлийн алдагдлыг микро стресс тестийн аргачлалаар тодорхойлох
юм. Өрхийн үлдэгдэл орлогын хэмжээ өрхийн суурь хэрэглээний зардлын бүтцээс ихээхэн
хамаардаг бөгөөд өрх тус бүрийн үлдэгдэл орлогыг тооцоход нийт зээлтэй өрхийн 898
буюу 15.8 хувь нь тэгээс бага үлдэгдэл орлоготой байв. Микро стресс тестийн үр
дүнгээс харвал өрхийн зээлийн алдагдалд хөрөнгийн үнийн бууралт болон ажилгүйдлийн
шокын нөлөө хүүний түвшний өсөлтөөс илүү өндөр нөлөөтэй байна. Макро эдийн
засгийн сөрөг сценарийн үед бага орлоготой, ипотекийн болон бусад төрлийн бага
хэмжээний зээлтэй өрхөд илүү их санхүүгийн дарамт учирдаг байв.