Хураангуй:
Монгол улсын хувьд эмэгтэйчүүд ажлын байрандаа өөрсдийгөө үнэлүүлж, амжилтанд хүрэх боломжтой байдаг боловч монгол улсын бүх шатны байгууллага, засгийн газрын гишүүд, төрийн удирдах байгууллагуудад цөөн тооны эмэгтэй өндөр албан тушаал хашиж бусад олон зуун бүсгүйчүүд хамгийн доод байр сууринд ажиллаж амьдардаг байдал бидний дунд байсаар байна.
Эмэгтэйчүүдийн доод байр сууринд ажиллаж байгаа шалтгааныг Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас хийсэн судалгаагаар тэдгээрийн карьерын тэмүүлэл бага байдагтай холбоотой хэмээн тодорхойлсон. Тийм учраас эмэгтэйчүүдийн карьерын тэмүүллийг оюутан байхаас нь эхлэн хэрхэн хөгжүүлэх арга замыг тодорхойлох хэрэгтэй гэж үзээд эмэгтэй оюутнуудын карьерын тэмүүллийг хөгжүүлэх зарим арга замуудыг тодорхойлохыг судалгааныхаа зорилгоо болгосон билээ. Ингэхдээ СЭЗИС, МУИС болон ШУТИС-ын бизнесийн удирдлагаар суралцаж буй 3р курсын эмэгтэй оюутнуудаас анкетын аргаар судалгаа авч SPSS програмаар боловсруулсан. Түүврийн хэмжээг Sample size тооцоолуурыг ашиглан нийт суралцаж буй 146 оюутнаас тооцон 106 өгөгдөл цуглуулсан болно.
Уг судалгааны ажлаа нийгмийн танин мэдэхүйн карьерын онол /SCCT/ дээр тулгуурлан хийсэн. Учир нь нийгмийн карьерын танин мэдэхүйн онол нь зөвхөн тэмүүлэл ямар түвшинд байгааг тайлбарладаггүй, тухайн хүний тэмүүлэлд хувийн мөн чанар, зан төлөв, гадаад орчин, гэр бүлийн нөлөөлөл хэрхэн нөлөөлж байгааг тайлбарладаг.
Судалгааны хүрээнд дараах таамаглалуудыг дэвшүүлсэн. Таамаглал 1 буюу H1-Эцэг эхийн дэмжлэг карьерын тэмүүлэлд эерэгээр нөлөөлнө. Таамаглал 2 буюу H2-Өөртөө итгэх итгэл карьерын тэмүүлэлд эерэгээр нөлөөлнө. Таамаглал 3 буюу H3- Эцэг эхийн дэмжлэг өөртөө итгэх итгэлд эерэгээр нөлөөлнө гэсэн 3 таамаглал юм. Судалгааны үр дүнд дээрх 3 таамаглал батлагдсан ба дараах үр дүнд хүрсэн байна.Таамаглал 1 буюу H1-Эцэг эхийн дэмжлэг карьерын тэмүүлэлд эерэгээр нөлөөлнө гэж үзсэн ба судалгааны үр дүнгээс харахад эцэг эхийн дэмжлэг нь карьерын тэмүүллийг 78% тай тайлбарлаж байна. Эцэг эхийн зүгээс хүүхдээ сэтгэл зүйн хувьд маш сайн дэмжлэг үзүүлбэл карьерын тэмүүлэл нэмэгддэг байна. Таамаглал 2 буюу H2-Өөртөө итгэх итгэл карьерын тэмүүлэлд эерэгээр нөлөөлнө гэж үзсэн ба судалгааны үр дүнгээс харахад өөртөө итгэх итгэл нь карьерын тэмүүллийг 71%-тай тайлбарлаж байна. Тиймээс эмэгтэй оюутнуудын карьерын тэмүүллийг хөгжүүлэхийн тулд тэдгээр хүмүүст сэтгэл зүйн дэмжлэг болон сургалтын дэмжлэг, үгээр урамшуулах дэмжлэгийг байнгын өгч байх хэрэгтэй юм. Таамаглал 3 буюу H3-Эцэг эхийн дэмжлэг өөртөө итгэх итгэлд эерэгээр нөлөөлнө гэж үзсэн ба судалгааны үр дүнгээс харахад эцэг эхийн дэмжлэг нь өөртөө итгэх итгэлийг 71%-тай тайлбарлаж байна.