Хураангуй:
ТОВЧ ХУРААНГУЙ
Монгол улсын авто замын сүлжээнд нийт 49,507 км урт авто зам, 504 ширхэг гүүр байна. Үүнээс олон улсын болон улсын чанартай 12,640 км авто зам, түүнд харьяалагдах 360 м 12171,3 у/м гүүр байна. Авто тээвэр нь зорчигч тээврийн 98,5%-ийг гүйцэтгэдэг ба ачаа тээврийн хувьд төмөр замын дараа орж байна. Сүүлийн жилүүдэд ачаа тээвэрлэлтийн хэмжээ эрс өсч нийт ачааны жингийн 42,7%-ийг авто замаар тээвэрлэх болсон нь МУ-ын эдийн засагт чухал үүрэгтэй салбар болохыг харуулж байна.
Авто зам барилгын ажлын 90 хувь нь машин механизм, техникээр гүйцэтгэдэг ажил байдаг. Иймд түүний сэлбэг хэрэгсэл худалдан авалт, импортлох үйл ажиллагаанд төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй юм. Мөн энэ чиглэлийн мэргэжилтэнг бэлтгэх, давтан сургалт, семинар зохион байгуулах, авто зам барилга, засвар үйлчилгээ эрхэлдэг үндэсний компаниудыг дэмжих шаардлагатай байна.
Чадварлаг мэргэжилтэн бэлтгэх асуудлаар төр засгийн зүгээс нэгдсэн бодлого, төлөвлөгөө хөтөлбөр байхгүй, хөрөнгө мөнгө төлөвлөхгүй. Инженер техникийн ажилчдыг хэд хэдэн их дээд сургуулиудад бэлтгэж байгаа боловч тэдгээрийн сургалт зөвхөн танхимын хэлбэрээр явагдаж байгаа тул дадал, чадвар хангалттай эзэмших боломжгүй байна. Тиймээс нэн тэргүүн дадал чадвар эзэмших сургалтын талбай, сургалтын зориулалттай машин техникээр их дээд сургуулиуд болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг хангах бодлого баримтлах мөн олон улсад нэр хүндтэй туршлагатай замын компаниудтай ИТА-ын мэдлэг туршлага солилцох хамтын ажиллагааг дэмжиж ажилбал илүү үр дүнтэй байх болно.
Авто зам, барилгын компанийн инженер нь зөвхөн АБТ-д заасан ажилаас гадна өөрийн удирдлаган дор ажиллаж байгаа ажилчдын аюулгүй байдлыг хангаж, хянаж ажиллах, гүйцэтгэлийн үнэлгээг дүгнэх, ажлын нарядыг хянаж, үнэн зөв баталгаажуулах, ажлын холбогдолтой төлөвлөгөө, тайланг бичих, бичиг хэрэг хөтлөх, архивт шилжүүлэх зэрэг ажлыг хариуцан гүйцэтгэдэг байна.
Судалгааны хүрээнд үйл ажиллагаа явуулж буй 6 авто зам, барилгын компанийг сонгон авч АГҮ-ний аргыг нь судалсан боловч ихэнх замын компаниуд тогтмол АГҮ-г хийдэггүй эсвэл ГҮ-г үнэлэх систем байхгүй ажилчиддаа зөвхөн гэрээнд заасан сарын цалин өгдөг гэсэн шалтгаанаас болж “АРЖ КАПИТАЛ” ХХК болон “ЭСТО” ХХК-г сонгон авч АГҮ-г судалсан болно. Мөн манай оронд үйл ажиллагаа явуулж байгаа гадны орны томоохон замын компани болох Солонгос улсын SAMSUNG C&T компанийн АГҮ-г судалсан. Уг компанийн хувьд зорилгоор удирдах үнэлгээний аргыг бүрэн хэрэгжүүлж байна.
Судалгааны үр дүнгээр Монгол Улсын ИТА-ууд авто зам, барилгын төслийн ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгхөд гэрээнд заасан цаг хугацаа графикийн биелэлт, гэрээний дүн, үр ашиг, чанар стандартын шаардлага хангасан зэрэг нь ИТА-аас бүрэн хамаардаг тул АГҮ-ний аргуудаас “Зорилгоор удирдах үнэлгээний арга”-ыг авто зам барилгын компаниуд үнэлгээний системдээ нэвтрүүлбэл илүү тохиромжтой гэж үзсэн.