Хураангуй:
Манай улсын сүүний нөөц, хэрэгцээнээсээ 2 дахин илүү боловч хэрэглэвэл зохих хэмжээнээс 5 дахин бага хэмжээний сүүг боловсруулан хэрэглэж байгаа нь сүү нийлүүлэлтийн гинжин хэлхээний үр ашигт байдал хангалтгүй байгааг илэрхийлж байна. Үйлдвэрлэлийн салбарын дээш чиглэлтэй нийлүүлэлтийн гинжин хэлхээ буюу түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо нь түүхий эд нийлүүлэгчид ба тэдэнтэй харилцах харилцааны удирдлагаас бүрддэг бөгөөд бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөгийн 80 хүртэлх хувийг эзэлдэг. Сүү боловсруулалтын түвшин хангалтгүй байгаагийн суурь шалтгаан сүү бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцооноос үүдэлтэй гэж үзээд түүнийг сайжруулах зарим арга зам санал болгох зорилго тавьж чанарын судалгаа гүйцэтгэлээ.
Сүү бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцооны бүрдэлтийг олон улсын сүү бэлтгэн нийлүүлэх тогтолцоотой харьцуулж, тулгамдаж буй асуудлуудыг фокус бүлгийн хэлэлцүүлгийн аргаар тодруулж илрүүлсэн. Тандах судалгааны дүнд, дэлхийн жишигтэй харьцуулахад манай улсын сүү бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо ул суурьтай бүрэлдэж чадаагүй байгаа нь дотоодын сүүний салбарын сэргэлт харьцангуй хожуу эхэлсэн, малчны хотноос хот суурин газарт хүргэгдэж задгайгаар борлуулагддаг сүүгээ чанартай, өрсөлдөх давуу тал бүхий бүтээгдэхүүн гэж ойлгож ирсэн, сүү нийлүүлэлтийн гинжин хэлхээнд оролцогч талууд тус бүрийн ашиг сонирхлын өнцөгөөс үйл ажиллагаа явуулж байгаа, хамтын ажиллагааны ач холбогдлыг бүрэн ойлгоогүй, урт хугацааны тогтвортой бодлого үгүйлэгдэж байгаа зэрэг юм. Фокус бүлгийн хэлэцүүлгийн дүнд түүхий эдийн чанар, аюулгүй байдал, бэлтгэн нийлүүлэлт, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцооны оролцогч талуудын нэгдмэл байдал ба хамтын ажиллагаа гэсэн асуудлууд тулгамдаж байгаагаас түүхий эдийн чанар, аюулгүй байдал, бэлтгэн нийлүүлэлт нь сүүний дээш чиглэсэн нийлүүлэлтийн гинжин хэлхээний /upstream supply chain/ асуудал бол нэгдмэл байдал ба хамтын ажиллагаа нь сүү нийлүүлэлтийн гинжин хэлхээг бүхэлд нь хамарсан асуудал юм.
Судалгааны ажлын санал, зөвлөмжүүдийг нийлүүлэлтийн гинжин хэлхээнд оролцогч талуудын хамтын ажиллагаа, эдийн засаг ба бизнесийн харилцааг судалдаг онолуудад тулгуурлан боловсрууллаа.