dc.description.abstract |
Зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын салбар дахь хариуцлагатай байдлыг хангах чухал асуудал бол аялал жуулчлалын тогтвортой байдал юм. Тогтвортой байдлыг нөхцөлдүүлэгч үндсэн чиглэл нь нийгэм, соёл, эдийн засаг, байгаль орчны асуудлуудыг хамрах бөгөөд тогтвортой аялал жуулчлалын зорилго, зорилтыг хангахад оролцогч талуудын хандлага, хамтын ажиллагаа, харилцан дэмжлэг чухал нөлөө үзүүлдэг. Иймд тогтвортой аялал жуулчлалын хөгжлийг аялал жуулчлалын маркетингийн үйл ажиллагаагаар дэмжих, өөрөөр хэлбэл “Аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэх тогтолцоо”-г бэхжүүлэхийн ач холбогдлыг энэхүү судалгааны ажлын хүрээнд судлав. Судалгааны ажлыг Хангайн бүсийн нутаг дэвсгэр болох Архангай, Өвөрхангай аймгийн тус бүр таван сум, нийт 10 сумын хэмжээнд явуулан, аялал жуулчлалын салбарын гол оролцогч талууд болох төрийн байгууллага, бизнесийн байгууллага, орон нутгийн иргэдийн төлөөлөлийг хамрууллаа. Судалгааны үр дүнд “Аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэх тогтолцоо”-г бэхжүүлэх гурван шатлал буюу институцийн бүтэц, оролцогч талуудын хамтын ажиллагаа, зорих газар (дестинаци) төлөвлөлтийн үйл явцыг тодруулан, тулгамдаж буй гол асуудлууд хийгээд тогтвортой аялал жуулчлалын маркетингийн үндсэн чиглэлийг тодорхойлохыг оролдов. Аялал жуулчлалын хөгжил, удирдлага, маркетингийн төлөвлөлтөн дэх институцийн бүтэц тодорхойгүй, ойлгомжгүй бөгөөд гол тулгамдаж буй асуудал нь аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд төрийн байгууллагын төлөөлөл эрхзүйн чадамжгүй, бодлого хэрэгжилтийн санхүүгийн эх үүсвэр нь тодорхой бус байна. Харин оролцогч талуудын хамтын ажиллагаан дахь харилцан үл ойлголцол нь орон нутгийн аялал жуулчлалын хөгжилд сөргөөр нөлөөлдөг болох нь судалгааны ажлын үр дүнгээр илэрлээ. |
en_US |