Хураангуй:
Улс орны хөгжлийн гол тулгуур аж үйлдвэрийн салбар байдаг. Манай улсын аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг уул уурхайн олборлох салбар гүйцэтгэж байна. Мөн сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр эрдэс түүхий эдийн үнэ ханшийн өсөлт, эрэлтээс үүдэн уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж Монгол Улсын эдийн засагт томоохон байр суурь эзлэх болжээ. Уул уурхайн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 17%, улсын төсвийн 23,8%, экпортын орлогын 82%-ийг бүрдүүлж байна. Олборлох салбарын бүтээгдэхүүн гаргалтыг 1%-аар нэмэгдүүлэхэд Монгол Улсын ДНБ нь 0,34% өснө гэсэн тооцоо байдаг. Тиймээс уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хууль эрх зүйн орчин, татварын оновчтой хувь хэмжээ маш чухал юм. Энэхүү судалгааны ажлын хүрээнд уул уурхайн салбарт мөрдөгдөж буй татвар эрх зүйн орчин, орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөрийн өнөөгийн байдлыг судалж цаашид орон нутгийн олборлох салбарын үйлдвэрлэлийн хэтийн төлөв болон татварын орлогын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлохыг зорилоо. Олборлолтын хэмжээ өсөхийн хэрээр татварын хэмжээ өсч, цаашид төсвийн орлого нэмэгдэх хандлагатай байгаа нь судалгааны дүнгээс харагдаж байна.