Хураангуй:
Улс орнуудын төсвийн орлогыг бүрдүүлэх, эдийн засгийн аливаа бодлого зохицуулалтыг хэрэгжүүлэх үндсэн арга зам нь татварын тогтолцоо байдаг. Татварын тогтолцооны үндсэн зарчмуудын дагуу татвар нь тэгш шударга, тодорхой, төлөгдөхүйц, үр ашигтай байх ёстой юм. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих зорилгоор хамгийн өргөн хэрэглэгддэг татварын бодлогын арга хэмжээ нь татварын өршөөл үзүүлэх явдал юм. Монгол Улсад 2007, 2008, 2015 онд татварын өршөөлийн хуулиудыг баталж хэрэгжүүлсэн байна.
Манай орны хувьд татварын өршөөлийн хуулиуд нь илрээгүй байсан орлого, хөрөнгийг ил болгох, тэдгээрийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулах, татварын суурийг нэмэгдүүлэх, санхүү, татварын хуурамч тайлангуудыг аливаа хүү торгуульгүйгээр залруулах болон татварын үндсэн зарчмуудыг хангах зэрэг зорилгыг хэрхэн биелүүлсэн, олон улсын туршлагатай харьцуулахад үр дүн нь ямар байгаа талаар судалж дүгнэхийг зорьсон болно.
Судалгааны ажлын хүрээнд бизнесийн байгууллагуудын нягтлан бодогчид, татварын судлаач мэргэжилтнүүдээс асуулга, ярилцлагын аргаар судалгаа авч боловсруулалт хийсэн бөгөөд ТЕГ-аас гаргасан статистик мэдээллүүдийг ашиглав. Судалгаанд оролцогчдын үзэж байгаагаар болон статистик мэдээллийн дүнгээс харахад манай улсад хэрэгжсэн уг хуулиуд нь үндсэн зорилгоо биелүүлээгүй, татварын үндсэн зарчмуудыг биелүүлж чадаагүй гэсэн үр дүн гарч байна. Иймд, цаашид татварын өршөөлийг хэрэгжүүлэхийн өмнө судалгаа шинжилгээ хийх, өмнөх өршөөлийн хуулиудын хэрэгжилтийн үр дүнг харгалзаж үзэх, өршөөлд хамрагдаж чадаагүй бизнесийн байгууллагуудад зориулан татварын ялгавартай бодлого хэрэгжүүлэх эсэх талаар үргэлжлүүлэн судалгаа хийж, аргачлал боловсруулах, шаардлагатай нь харагдаж байна.