Хураангуй:
Дэлхий дахинаа утаагүй үйлдвэрлэл хэмээн нэрийдэж, тогтвортой ногоон хөгжлийн үндсэн чиглэл болж буй аялал жуулчлалын үйлдвэрлэлийг хамгийн энгийнээр тайлбарлавал, маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг өөртөө багтаасан нэгдсэн систем хэмээн ойлгож болно. Эдгээр олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараар “аялал жуулчлалын бүтээгдэхүүн”-ий чанар тодорхойлогддог учраас аялал жуулчлалын үйлчилгээний чанарт нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох, тэдгээрийн нөлөөллийг хэмжих судалгаа чухал ач холбогдолтой.
Энэхүү судалгааны ажлаар Монголын аялал жуулчлалын үйлчилгээний чанарт нөлөөлж буй хүчин зүйлс, тэдгээрийн хамаарал, шалтгааныг шинжлэх зорилго тавьж, тэдгээрийг ач холбогдлоор нь эрэмбэлэв. Судалгааны ажлын хүрээнд аялал жуулчлалын үйлчилгээнд нөлөөлж буй хүчин зүйлсийг өөрийн орны аялал жуулчлалын салбарын сүүлийн арваад жилийн үзүүлэлт, түүнд холбогдох хоёрдогч мэдээлэл, үйлчилгээний чанарт нөлөөлөх хүчин зүйлсийг тогтоох аялал жуулчлалын байгууллагад ажиллагсадаас авсан анхдагч судалгаа болон холбогдох бусад судалгаа, шинжилгээний үр дүнг харьцуулан судалсан.
Судалгааны ажлын үр дүнд үндэслэн, аялал жуулчлалын үйлчилгээний чанарт нөлөөлж буй хүчин зүйлсийн макро, микро түвшний хандлагыг тодорхойлж, зарим санал зөвлөмж боловсруулсан болно.