Хураангуй:
Тус судалгааны ажилд бид Манай улсын зээл, хадгаламжийн хүү яагаад өндөр байгаа шалтгааныг хэд хэдэн аргачлалын дагуу шинжилж, хүүний түвшинг бууруулах стратегийн хувилбар, макро эдийн засгийн бодлогын хувилбарыг дэвшүүллээ. Аргачлалуудын хувьд онолын судалгаа, хугацааны цуваан шинжилгээ, улс орнуудтай харьцуулсан харьцуулалт, экспертүүдийн санал асуулга зэрэг багтсан болно. Судалгааны зарим үр дүнг дурьдвал, хүүний түвшинд хамгийн их нөлөөлж байгаа хүчин зүйл нь гадаад эх үүсвэрийн өртгийг тодорхойлох улсын эрсдэл, макро эдийн засгийн зохисгүй бодлогоос хамаарсан валютын ханшийн хүлээлт, өндөр дүнтэй хадгаламж эзэмшигчийн шаардаж буй өгөөж зэргээс хамаардаг байна. Бидний хувьд улс төрчдийн шийдвэр гаргалтаас хүчтэй хамаарч байдаг хэт их алдагдалтай төсвийн зардлыг багасгах, Мөнгөний бодлогод хүүний түвшинээ бууруулах орон зайг өгөх шаардлагатай гэж дүгнэлээ.