Хураангуй:
Монгол улсад 1992 оноос хойш нийтдээ долоон удаагийн УИХ-н сонгууль явагдаад байгаа билээ. Эдгээр сонгуулийн үр дүнг харахад сонгуулийн өмнөх жилүүдийн эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч эрх барьж буй нам эвсэл дахин сонгогдох эсэх нь тодорхойлогддог байж болох хамаарал ажиглагдаж байна. Иймээс аймаг, хотын макро эдийн засгийн нөхцөл байдал болон сонгуулийн үр дүнгийн хоорондын хамаарлыг шалгахыг зорьсон. Тайлбарлагч хувьсагчдаар ажилгүйдэл, ДНБ, малын тоо зэрэг хувьсагчдыг сонгон авч ложит регресс ашиглан үнэлгээ хийлээ. 2016 оны УИХ-н сонгуулийн үр дүн болон дээрх хувьсагчдын хоорондын хамаарлыг шалгахад аймаг, хотын ажилгүйдлийн түвшин нь тухайн нутаг дэвсгэрт МАН-н ялалт байгуулах магадлалд эерэгээр нөлөөлж байжээ. Мөн хотын иргэдийн сонгуулийн шийдвэр гаргалтад нэг хүнд ногдох малын тоо нь төдийлөн нөлөө үзүүлдэггүй гэсэн үр дүн гарсан.