Хураангуй:
Дэлхий нийтийн тулгамдаж буй асуудлын нэг бол ядуурал юм. Гэвч эдийн засагч, бодлого боловсруулагчид ядуурал үүссэний дараа ядуурлыг бууруулахыг зорьдог ба түүнээс урьдчилан сэргийлэх ex-ante ядуурлыг төдийлөн авч үздэггүй. Иймд, энэхүү судалгааны ажлаар Монгол Улсын ex-ante ядууралд нөлөөлөх хүчин зүйлсийг судлахыг зорилоо. Эдийн засгийн мөчлөг савлагаатай үед өрхүүд нийгмийн нэг давхаргаас нөгөө давхарга руу шилжих, тодруулбал, дундаж орлоготой өрх ядууралд өртөх магадлал ихэсдэг. Уг судалгаанд Үндэсний статистикийн хорооны өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны 2009, 2011, 2013, 2015 оны анхдагч өгөгдөл ашиглан дундаж давхаргыг тодорхойлж, сарын цалингийн нийт орлого, өрхийн тэргүүний нас, хүйс, ажил эрхлэлт, өрхийн оршин суугаа хаяг зэрэг өрхөд нөлөөлөгч хүчин зүйлсийн ядуурах эрсдэлийг логистик загвар ашиглан тооцов. Үр дүнд эдийн засгийн ялгаатай нөхцөл байдалд өрхийн онцлог шинж чанарыг илэрхийлсэн үзүүлэлтүүд ядуурах эрсдэлийг маш сайн тайлбарлаж байна. Тодруулбал өрхийн тэргүүн нь бэлэвсэрсэн, гэрлэлтээ цуцалсан тохиолдолд өрхийн ядуурах эрсдэл гэр бүлийн хувьд тогтвортой байх үетэй харьцуулахад харьцангуй өндөр байна. Өрхийн тэргүүн хувиараа бизнес эрхэлдэг бол төрийн байгууллагад ажилладаг хүнтэй харьцуулахад ядуурах эрсдэл бага байв. Улаанбаатар хотод орших суух өрхтэй харьцуулахад баруун бүсийн өрхүүд ядууралд илүүтэй өртөж буйг уг судалгааны ажил онцолж байна.