Хураангуй:
Нээлттэй боловсрол, бүх нийтэд зориулсан нээлттэй сургалтанд тулгуурласан боловсролын системийн шинэчлэл дэлхийн олон улсуудад хэрэгжиж байна. Нээлттэй сургалтыг суралцагчдад хүргэх түгээмэл хэлбэр нь зайн болон цахим сургалтын хэлбэр юм. Цахим сургалт амжилттай явагдах нь системийн чанар, агуулагдаж байгаа цахим контент болон мэдээллийн чанар, суралцагчийн хандлага, багшийн ур чадвар, хандлага гэх мэт хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалдаг. Эдгээрээс цахим сургалтын системийн үр ашиг өсөх, буурахад мэдээллийн чанар хамгийн гол хүчин зүйл нь байдаг. Мэдээллийн чанар гэсэн ойлголт нь цахим сургалтын системийн хувьд юун түрүүн тухайн системээр дамжуулан суралцагчдад хүргэж байгаа сургалтын материал, цахим контентийн чанараар тодорхойлогдож байдаг. Энэхүү судалгааны ажилд мэдээллийн чанар гэж юу болох, ямар ямар шалгуур үзүүлэлтүүдийг хангасан мэдээллийг чанартай мэдээлэл гэж үзэх вэ гэдгийг судалсан. Мөн цахим сургалтын системд мэдээллийн чанар гэж юуг авч үздэг, мэдээллийн чанарын ямар асуудлууд байна, тэдгээрийн хэрхэн үнэлэж болох талаар судалсны үр дүнд Coursera нээлттэй сургалтын системийн хичээлийн контентуудыг мэдээллийн чанарын хувьд үнэлж, дүгнэлт гаргасан болно.