Хураангуй:
Хүний нөөцийн албаны ажлыг хөнгөвчлөх энэхүү сонгон шалгаруулалтын тестийн цахим сан нь Монгол улсад одоогоор хэрэгжээгүй байгаа юм. Тиймээс энэ төрлийн бизнест зах зээл байгаа эсэхийг мэдэх зорилгоор энэхүү судалгааны ажлыг хийсэн. Сонгон шалгаруулалтын тест нь ажил горилогчдыг үнэлэх, тэдний талаарх мэдээлэл цуглуулах стандартчилагдсан арга юм. Сонгон шалгаруулалтын тестийг мэргэжлийн түвшинд бэлтгэж хэрэгжүүлэх нь ажил горилогчдын ур чадвар, зан төлөвийн талаарх илүү нарийн бөгөөд баттай мэдээллүүдийг олж авах боломжийг бүрдүүлж өгдөг.
Судалгааны ажлын хүрээнд нийт 26 байгууллагын хүний нөөцийн ажилтнуудаас анкетийн аргаар судалгаа авсан ба түүврээ бүрдүүлэхдээ бизнесийн чиглэл бүрийг хамруулсан аль болох том хэмжээний байгууллагуудыг хамруулахыг зорьсон. Судалгааны дүнд хүний нөөцийн ажилтануудын дийлэнх нь ажилд орохоор ирүүлдэг өргөдлийн тоо маш их байдаг, тестийн арга нь хүний нөөцийн ажилтны ажлыг хөнгөвчлөх буюу агуулгын хувьд зөв ажилтнаа танин ажилд авах боломжтой гэж үзсэн. Мөн энэхүү цахим тестийн сангаар үйлчлүүлэх магадлалтай, үйлчлүүлнэ гэж хариулснаас үзэхэд энэхүү “Ажилтан сонгон шалгаруулах тестийн цахим сан” нь манай улсын зах зээлд хэрэгцээтэй байгаа буюу зах зээлд нэвтрэх боломжтой гэж үзэж байна.