Хураангуй:
Судалгааны ажлын асуулт нь бизнесийн мөчлөгийн зардлыг хэмжих юм. Уг асуултаас үндэслэн судалгааны ажлын зорилго нь бизнесийн мөчлөгийн зардлыг тооцоолох болно. Бизнесийн мөчлөгийн зардлыг хэрэглэгч хэлбэлзэлтэй болон хэлбэлзэлгүй буюу тогтвортой төлөвийн эдийн засагт амьдрахад ялгаагүй ханамж авдаг байхад шаардагдах хэрэглээний зардлын өөрчлөлтийн хувиар хэмжих юм . Бизнесийн мөчлөгийн зардлыг хэмжихийн тулд нэгдүгээрт бизнесийн мөчлөгийн онолын загвараа сонгох юм. Миний хувьд бодит бизнесийн мөчлөгийн суурь загвар болон суурь загварыг хэрэглээний зуршлаар өргөтгөсөн загварыг сонгосон болно. Өргөтгөсөн болон суурь загваруудыг хувьд бизнесийн мөчлөгийн зардлыг Монгол Улсын 1992-2015 оны тоон өгөгдлүүд дээр калибрац хийн, DYNARE программаар симуляци хийж тооцоолов. Бизнесийн мөчлөгийн зардал нь хэрэглээний зуршил бүхий эдийн засагт илүү өндөр байна гэж таамаглаж байсан ба судалгааны үр дүн таамаглалтай нийцлээ. Калибрацын аргыг ашигласанаар зорилгоосоо гадна загварын эгзоген хувьсагчид хэлбэлзэл буюу технологийн шокод үзүүлэх хариу үйлдлүүдийг гаргаж харуулав. Эндээс харахад эдийн засаг харьцангуй тогтвортой байвал бизнесийн мөчлөгийн зардал бага байна гэж хэлж болох ч тогтворжуулах бодлогын тухайд эдийн засагчид шийдвэр гаргагчдад тогтворжуулах бодлогын авчрах үр ашгийн талаар ихээхэн маргаантай байдаг. Тухайлбал Лукас 2003 (Lucas) онд бичсэн ажилдаа хэрэв төлөөлөх шийдвэр гаргагч хэлбэлзэлгүй эдийн засагт амьдарвал хэр их ашигтай буюу тогтворжуулах бодлогын өгөөж хэрэглээний 0.001 хувиас ихгүй буюу маш бага байна гэж дүгнэсэн байдаг.