Хураангуй:
Судлаачид жижиг, дунд үйлдвэрлэл нь эдийн засгийн үр ашигтай өсөлтийг дэмжих замаар нийт улс орны хөгжилд эерэг нөлөөг үзүүлдэг гэж үздэг. Үүнд:
• Ажилгүйдлийг бууруулдаг.
Уул уурхай, боловсруулах үйлдвэрүүд зэрэг томоохон хөрөнгө оруулалтууд шаарддаг өндөр үр ашигтай салбарууд нь ихэвчлэн техник, технологид суурилан үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс ДНБ-ыг өсгөж, эдийн засгийг өсгөдөг боловч ажлын байрыг нэмэгдүүлдэггүй. Харин жижиг, дунд үйлдвэрлэл нь капиталаас илүүтэйгээр хөдөлмөрт суурилдаг учраас ажил эрхлэлтийг дэмжих замаар эдийн засгийн өсөлтийг дэмждэг.
• Орлогын тэгш хувиарлалтыг бий болгодог.
Жижиг, дунд бизнес эрхлэгчийн тоо нэмэгдэх нь эдийн засаг дахь дундаж орлоготой, дундаж давхаргын эзлэх хувь хэмжээг өсгөснөөр баялагийн тэгш хувиарлалтыг бий болгодог гэж үздэг.
• Уян хатан менежменттэй, хараат бус эзэмшилтэй, дотоод эх үүсвэрээс санхүүжилт татдаг.
Жижиг, дунд үйлдвэр нь эзэмшигч цөөнтэй учир хараат бус байдаг бөгөөд удирдлагын хувьд харьцангуй уян хатан байдгаас гадна хөрөнгө оруулалтаа эдийн засгийн дотоод эх үүсвэрээс татдаг учир эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангадаг.
• Харьцангуй шудрага өрсөлдөөнийг зах зээлд бий болгодог.
Монополь, олигополь зах зээл нь үйлдвэр эрхлэгчиддээ давуу талыг бий болгодог боловч зах зээлийн шударга өрсөлдөөнийг хязгаарлаж байдаг. Харин жижиг, дунд бизнес нь зах зээлд илүү шудрага өрсөлдөөнийг бий болгосноороо эдийн засагт эерэг нөлөөг үзүүлдэг.
• Хямд технологи ашигладаг.
Ихэнх жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид орчин үеийн өндөр өртөгтэй технологиос илүү хөгжингүй орнуудын хуучирсан технологийг авч ашигладаг нь баялгийг хямд зардлаар бүтээх боломжийг олгодог байна.
Манай улсын засгийн газраас жижиг, дунд үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлж өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, албан бус бизнес эрхлэгчдийг албан ёсны жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх тааламжтай нөхцлийг бүрдүүлэх, ажлын байр шинээр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих” хөтөлбөрийг /Засгийн газрын 2005 оны 64 дүгээр тогтоолоор баталж, 2009 оны 280 тогтоолоор хөтөлбөрт өөрчлөлт оруулсан/ хэрэгжүүлж байгаа ч санхүүжилт авах эрэлт их хэвээр байна. Энэ нь засгийн газраас хэрэгжүүлж буй жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлттэй зээлийн бодлого оновчтой байж чадахгүй байгааг харуулж байна. Иймээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид санхүүжилт авахад тулгарч буй асуудлыг судлаж, төрөөс хэрэгжүүлж буй жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлогын хүрээнд олгож байгаа хөнгөлттөй зээлээс өөр илүү оновчтой, хүртээмжтэй санхүүжилт авах боломж байгаа эсэхийг судлах шаардлагатай байна.