| dc.description.abstract |
ТОВЧ ХУРААНГУЙ
Монголын волейболын салбар сонирхогчдын түвшнээс мэргэжлийн лигийн
тогтолцоонд шилжиж буй энэ үед спортын клубийн засаглалын оновчтой бүтэц, хөрөнгө
оруулалтын өгөөж болон үр ашгийг тоон үзүүлэлтээр хэмжих цогц тогтолцоо нэн
шаардлагатай байна. Энэхүү магистрын судалгааны ажил нь "SG Hawks" волейболын
клубийн жишээн дээр компанийн засаглалын зохистой загварыг тодорхойлж, Тэнцвэрт
үнэлгээний системд (Balanced Scorecard - BSC) суурилсан гүйцэтгэлийн үнэлгээний
(KPI) тогтолцоог боловсруулахыг зорьсон болно.
Судалгааг Robert Yin-ийн 2018 онд боловсруулсан арга зүйд тулгуурлан нэгжийн
гүнзгийрүүлсэн кейс судалгааны хүрээнд, чанарын арга давамгайлсан холимог арга
зүйгээр гүйцэтгэв. Судалгааны анхдагч болон хоёрдогч өгөгдлийг клубийн 2024-2026
оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, компанийн дүрэм зэрэг баримт бичгүүд
болон ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлага, дасгалжуулагч, тамирчдын төлөөллөөс
авсан хагас бүтэцлэгдсэн ярилцлагаас бүрдүүлсэн. Цуглуулсан мэдээлэлд сэдэвчилсэн
шинжилгээ (Braun & Clarke, 2006) болон өгөгдлийн гурвалжингийн буюу триангуляцийн
(Denzin, 1978) аргаар дүн шинжилгээ хийсэн. Эмпирик шинжилгээний үр дүнд клубийн санхүүжилт 2025-2026 оны улиралд 30
хувиар өссөн хэдий ч нэг хожилд ногдох зардал 37 саяас 91 сая төгрөгт хүрч (146 хувиар
өссөн), хөрөнгө оруулалтын өгөөжийн (ROI) уналт үүссэн парадокс илэрсэн. Энэхүү
уналтын үндсэн шалтгааныг удирдлагын төвлөрөл буюу нэг хүн олон чиг үүрэг давхар
гүйцэтгэх байдал, байгууллагын дүрмийн 5.4.20 дахь заалтын хэрэгжилт сул байх, мөн
хөгжөөн дэмжигчдийн оролцоог бодит орлого болгон хөрвүүлэх шатны тасалдал зэргээр
тайлбарласан болно. Судалгааны хүрээнд дэвшүүлсэн ТУЗ-ийн эрх мэдлийн зааг (H1),
орлогын төрөлжилт (H2) болон BSC-ийн хэрэгжилттэй (H3) холбоотой гурван үндсэн
таамаглал нь триангуляцийн аргаар дэмжигдэж байна.
Судалгааны үр дүнд практик ач холбогдол бүхий дараах гурван шийдлийг
боловсруулав. Үүнд:
• Олон улсын тэргүүлэх лигүүд буюу БНСУ, Итали, Польш, Японы сайн
туршлагад үндэслэсэн засаглалын холимог (hybrid) загвар,
• Клубийн үндсэн үйл ажиллагааны эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлсон
RACI матриц,
• Монголын Волейболын Холбооны стратегийн жишигт бүрэн нийцүүлсэн
гүйцэтгэлийн үнэлгээний (KPI) хянах самбар багтана.
Эдгээр загвар нь "SG Hawks" клубт шууд нэвтрүүлэх боломжтойгоос гадна
Монголын бусад мэргэжлийн спортын клубүүдийн менежментийг шинэ шатанд гаргахад
жишиг болохуйц академик болон практик ач холбогдолтой юм. |
en_US |