| dc.description.abstract |
Энэхүү магистрын судалгааны ажил нь Монгол Улсын үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод ногдуулдаг хоёр хувийн татварын эрх зүйн зохицуулалт, түүний хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, боловсронгуй болгох арга замыг тодорхойлоход чиглэсэн болно.
Судалгааны хүрээнд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татварын түүхэн хувьсал, өнөөгийн нөхцөл байдлыг статистик мэдээлэл болон кейс шинжилгээнд тулгуурлан судалж, Олон Улсын сайн туршлагатай харьцуулан шинжилсэн. Монгол Улсад 1993-1997 оны хооронд эзэмшиж байсан хугацаанаас хамаарч татвар ногдуулдаг байсан бол 1997 оноос хэрэгжиж эхэлсэн борлуулалтын нийт дүнгээс хоёр хувиар татвар ногдуулах өнөөгийн тогтолцоо нь татвар төлөх үйл явцыг хялбарчилсан боловч хэд хэдэн сөрөг үр дагаврыг дагуулж байна. Тухайлбал, татварын ногдуулах дүнг бууруулан мэдүүлэх замаар татвараас зайлсхийх оролдлого гарах, бодит ашиг олоогүй тохиолдолд ч татвар ногдуулдаг нь Адам Смитийн "Тэгш шударга байх" зарчимтай зөрчилдөж байгааг судалгаагаар тогтоолоо. Мөн судалгаагаар иргэдийн үндсэн оршин суух орон сууц болон худалдан борлуулах зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хоорондох зааг ялгаа нь бодлогын хувьд оновчгүй байгааг илрүүлсэн.
Олон Улсын туршлагаас үзэхэд ҮХЭХ-ийн татварыг хөрөнгийн цэвэр ашигт суурилан ногдуулж, эзэмшсэн хугацаанаас хамаарч татварын хөнгөлөлт үзүүлдэг нь татварын шударга ёсны зарчимд илүү нийцэж байна. Судалгааны үр дүнд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татварыг "борлуулсан нийт дүн"-ээс бус "цэвэр ашиг"-аас тооцдог болох эрх зүйн шинэчлэлийг хийх, татварын бааз суурийг бодитой тогтоохын тулд бүртгэл хяналтын системийг сайжруулах, дижитал шилжилтийг эрчимжүүлэх замаар татварын орлого төвлөрүүлэлтийг боловсронгуй болгох санал, зөвлөмжийг боловсруулсан болно.
Түлхүүр үг: Үл хөдлөх эд хөрөнгө, борлуулалтын орлого, хоёр хувийн татвар, цэвэр ашиг, эрх зүйн зохицуулалт, татварын шударга ёс, Олон Улсын туршлага. |
en_US |