dc.description.abstract |
Өнөөгийн сургуулийн өмнөх боловсрол (СӨБ)-ын тулгамдсан асуудлыг авч үзэхэд багш нарын ачаалал их, хүүхдийн тоо олон, бүлэг дүүргэлт даацаасаа хэтэрсэн, шалгалт шүүлэг ид ачаалалтай үеэр ирдэг гээд СӨБ-ын байгууллагын бэрхшээлтэй талууд олон байна. Үүнээс гадна нэн чухал асуудал нь цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаагаас СӨБ-ыг эзэмшиж, суралцаж чадахгүй үлдэж буй хүүхдийн тоо нь сургуулийн өмнөх насны нийт хүүхдүүдийн 30 орчим хувийг эзэлж байна. Тэгвэл, бүлэг дүүргэлт юунаас болж хэтэрч байгаа вэ? Цэцэрлэгийн насны цэцэрлэггүй үлдэж буй хүүхдүүдийн боловсролын асуудлыг хэрхэн шийдвэл зохих вэ? Цэцэрлэгийн хомстлыг бууруулах, эрэлт хэрэгцээг хэрхэн хангаж болох талаар арга замуудыг судлах, боломжуудыг эрж хайх, нээн тодруулах үүднээс энэхүү сэдвийг сонгон авч судалгааны ажлыг нийслэлийн 5 дүүргээс СӨБ-ын хамрагдалт хамгийн багатай Чингэлтэй дүүргийн хэмжээнд явуулсан. СӨБ-ын салбарт тулгамдаад буй гол асуудлууд нь цэцэрлэгийн хүртээмж муу, бүлэг дүүргэлт өндөр, багш ажилчдын ачаалал 1.5-2 дахин нэмэгдсэн, мөн нийт сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн 30 гаруй хувь нь сурч боловсрох эрхээ эдлэж чадахгүй байгаа юм. Судалгааны объект Чингэлтэй дүүргийн нийт цэвэр хамрагдалт 53.1%-тай, төрийн өмчийн 22, төрийн бус өмчийн 24 нийт 46 цэцэрлэгт 9355 хүүхэд хамрагдаж 7240 хүүхэд суралцах эрхээ эдэлж чадалгүй үлдэж байгаа юм. Түүнчлэн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн ачаалал 2 дахин нэмэгдсэн, төрийн өмчийн бус цэцэрлэгүүдийн 90 орчим хувь нь өөрийн бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Бүлэг дүүргэлтийн хэтрэл нь тухайн бүлгийн насны ангиллаас хамааралгүй их байгаа бөгөөд үүнд цэцэрлэгийн тоо бага, шилжилт хөдөлгөөн их, хүн амын өсөлт, түүнээс гадна улс төрийн зорилго бүхий хүн амын өсөлтийг дэмжсэн төрийн бодлого шийдвэрүүд, төрөөс хүүхдийн хоолны мөнгийг бүрэн даах болсон зэрэг шалтгаануудаас үүдэлтэй гэж дүгнэлээ.
Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ боловсролд их бага ямар нэгэн хэмжээгээр мөнгө зарцуулах, төлбөр төлөхөд бэлэн байсан бөгөөд огт төлбөр төлөх боломжгүй хэсэг судалгаанд оролцогсдын дунд бага буюу 20 орчим хувийг эзэлж байсан нь тэдний үр хүүхдийнхээ төлөө хариуцлага хүлээх чадвартай байгааг илэрхийлж байлаа. Төрийн өмчийн болон хувийн цэцэрлэгүүдийн давуу болон сул талуудыг харилцуулан тэдний хэрэгцээнд нийцэж буй үйлчилгээг аль нь хүргэж байгаа талаар асуултад судалгаанд оролцогчдын өгсөн хариултын хувь харьцангуй ойролцоо байсан нь төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн хувьд сургалтын чанар, төлбөрийн хэмжээ, хэрэглэгчдийн бүлгээ сайтар тодорхойлсноор борлуулалтаа нэмэгдүүлэх боломжтойг харуулж байна.
Ингээд Чингэлтэй дүүргийн СӨББ-ын хэрэгцээг хороо тус бүрд авч үзвэл тус дүүргийн 1-р хороо хамгийн олон буюу төрийн болон хувийн нийт 6 цэцэрлэгтэй байгаа, мөн хүүхдийн тоо цөөн байгаа тул хэрэгцээгээ хангасан гэж үзэж болохоор байна. Үлдсэн хороодод орны тоо, хүчин чадлаас хамааран багадаа 1 – 6 цаашлаад 7 цэцэрлэг шаардлагатай байна. Мөн 8, 11-р хороод огт цэцэрлэггүй байгаа юм. Энэ мэтчилэн хүн амын төвлөрөл их ч орлогын төвшин доогуур 7, 12, 16, 17-р хороодод төрөөс СӨББ-ын үйлчилгээг хүргэх, хувилбарт сургалтад хүүхдүүдийг хамруулах, хүүхэд харах үйлчилгээг бага төлбөртэйгөөр явуулснаар эдгээр хороодод СӨБ-ын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлээд зогсохгүй ажилгүйдлийг тодорхой хувиар бууруулах боломжтой юм. Харин орлогын төвшин дунд буюу өндөр хороодод хувийн цэцэрлэгүүдийг нээн ажиллуулах ажлыг бодлоготойгоор явуулах нь энэ хомстлыг бууруулахаас гадна бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлыг байр нэмэгдүүлэх ач холбогдолтой төдийгүй, эцэг эхчүүдийн хөдөлмөр эрхлэх боломжийг олгох давхар давхар ашигтай. Боловсролын салбарыг 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөөнд СӨББ-ын хамрагдалтыг 99%-д хүргэнэ гэсэн зорилтыг тавьсан байсан боловч 2015 онд тус дүүргийн хувьд хамрагдалт энэ хувиас даруй 45,9%-иар бага байгаа юм. Харин шинээр хэрэгжиж эхлэхээр бэлтгэл ажлын шатанд явж буй “Хүүхэд харах үйлчилгээ”, түүнчлэн бусад хувилбарт сургалтуудаар нийт хүүхдүүдийн 20%-ийн хэрэгцээг хангана гэж үзвэл тус дүүргийн хувьд хамрагдалтыг 80% хүргэхэд 250 хүүхдийн багтаамжтай 17 цэцэрлэг шаардлагатай байна. Гаднын орнуудын туршлагаас хархад дан ганц төрөөс эрэлтийг бүрэн хангасан тохиолдолд байхгүй бөгөөд хувийн хэвшлийн оролцоотойгоор уг асуудлыг шийдвэрлэсэн нь цөөнгүй байсан. Иймд төр, хувийн хэвшил хамтран асуудлаас гарах гарцыг хайх нь үр дүнтэй бөгөөд судлаач миний бие уг судалгаагаараа зарим арга замуудыг санал болгож байгаа билээ. Үүнээс хамгийн дорвитой арга нь ТХХТ, концессын гэрээгээр цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах эрхийг 15 жилийн хугацаатай хувийн хэвшилд олгох байсан бөгөөд судалгааны хэсэгт тооцоо судалгааг харуулсан болно. Түүнчлэн төрийн болон төрийн бу с өмчийн аль ч цэцэрлэгт хүүхдээ хамруулах сонирхол эцэг эхчүүдэд өндөр байгаа бөгөөд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, худалдан авах чадамж зэргийн талаар судалгааг явуулсан бөгөөд орлогын төвшнөөр бүлэглэн хувааж, зах зээлийн боломжуудыг тодорхойлон нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломж бүхий хувилбарыг дэвшүүлсэн. |
en_US |