| dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол Улсын ерөнхий боловсролын салбарын 2020–2024 оны төсөв, сурагчийн тоо, багшийн тоо, сургуулийн тоо болон ачааллын үзүүлэлтүүдийн уялдаа холбоонд үндэслэн төсвийн үр ашгийг үнэлэхэд оршино. Судалгаанд DEA аргачлалын оролт–гаралтын логикт суурилсан KPI шинжилгээний аргыг ашиглан техникийн үр ашиг, зардлын үр ашиг, зарцуулалтын өгөөж, хуваарилалтын үр ашиг болон санхүүгийн тогтвортой байдлыг үнэлэв.
Судалгааны үр дүнгээс боловсролын салбарын төсөв сүүлийн таван жилд тогтмол өссөн боловч энэхүү өсөлт нь сурагч, багш, сургуулийн тооны өсөлтөөс өндөр байгааг тогтоов. Мөн Нийслэлийн ерөнхий боловсролын 1 болон 23 дугаар сургуулийн төсвийн гүйцэтгэл, аудитын мэдээлэлд тулгуурлан харьцуулсан кейс шинжилгээ хийсэн. Үр дүнд нь 1 дүгээр сургууль нэг сурагчид ногдох зардал болон нэгж төсөвт ногдох сурагчийн үзүүлэлтээр, харин 23 дугаар сургууль төсвийн гүйцэтгэл болон багшид ногдох сурагчийн үзүүлэлтээр харьцангуй өндөр үр ашигтай байв.
Судалгаагаар боловсролын салбарын төсвийн үр ашгийг зөвхөн зарцуулалтын хэмжээгээр бус, боловсролын хүртээмж, чанар, сургалтын үр дүн болон санхүүгийн сахилгын үзүүлэлттэй уялдуулан үнэлэх шаардлагатай гэж дүгнэв. |
en_US |