| dc.description.abstract |
Сэргээшийн төрлийн бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр импортлох, худалдаалах явдал далд хэлбэрээр хавтгайрч нийгмийн эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд бодитой эрсдэл учруулах боллоо. Энэхүү хууль бус эргэлтийг дагасан санхүүгийн далд урсгал нь “бага эрсдэл-өндөр ашиг” гэсэн зарчмаар зохион байгуулалттай гэмт хэргийн шинжийг агуулж, олсон бохир орлогоо санхүүгийн системээр дамжуулан угаах нөхцөлийг бүрдүүлж байна. Монгол Улсын Эрүүгийн хуулиар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийг нарийвчлан зохицуулсан ч НҮБ-ын конвенцод хамаардаггүй, харин Дэлхийн Допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн Хориглосон жагсаалтад заагдсан сэргээшийн төрлийн бодисыг хууль бусаар эргэлтэд оруулж буй этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгайлсан заалт байхгүй байна. Энэхүү эрх зүйн сул орон зай нь мөнгө угаах гэмт хэргийн “Суурь гэмт хэрэг”(Predicate offence)-ийг хянах, таслан зогсоох хяналтын тогтолцоог сулруулж байгаа юм.
Энэхүү судалгаагаар сэргээшийн төрлийн бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, мөнгө угаах эрсдэлийг бууруулах эрх зүйн зохицуулалтыг дотоодын болон олон улсын эрх зүйн баримт бичиг, гадаад улсын туршлага, шүүхийн практикт тулгуурлан харьцуулсан байдлаар судалж, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх боломжтой санал, зөвлөмж дэвшүүлэхийг зорив.
Судалгааны баримт бичгийн болон харьцуулсан эрх зүйн дүн шинжилгээний аргаар хуулийн зохицуулалтыг судалж, Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (FATF) -аас гаргасан Эрсдэлийн суурьт хандлагын аргачлалаар мөнгө угаах эрсдэлийг үнэлэв. Мөн далд эргэлтийн бодит нөхцөл байдлыг шүүхийн практик болон чанарын судалгааны (ярилцлагын) аргаар баталгаажуулж, хууль зүйн дүгнэлт, саналуудыг дедуктив аргаар нэгтгэлээ.
Судалгааны үр дүнд сэргээшийн төрлийн бодисын хууль бус эргэлттэй холбоотой эрх зүйн зохицуулалт тодорхой бус, хууль эрх зүйн орчин хангалтгүйн улмаас зах зээлд хяналтгүй худалдаалагдаж, улмаар тухайн хууль бус худалдаанаас олсон орлого санхүүгийн системээр дамжин угаагдах өндөр эрсдэлтэй нөхцөл бүрдэж байгааг тогтоосон. Дараах боломжит санал зөвлөмжийг дэвшүүлсэн. Үүнд:
Эрүүгийн хуулийн тусгай ангид “Сэргээшийн төрлийн бодис, түүний түүхий эдийг хууль бусаар импортлох, худалдах, зуучлан түгээх” гэсэн бие даасан шинэ зүйл заалт нэмж, Эрүүгийн хуулийн 20.14 дэх ерөнхий зүйлчлэлээс салгаж, нийгмийн хор аюулд нь тохирсон ял шийтгэл оногдуулдаг болох;
Зөрчлийн тухай хуулийн зохицуулалтыг зөвхөн “тамирчин”, “эмч” гэх хязгаарлалтаас салгаж сэргээшийн төрлийн бодис зөвшөөрөлгүй худалдсан иргэн, хуулийн этгээдэд оногдуулах хариуцлагыг нэмэгдүүлж, Эрүүгийн хуулийн хариуцлагаас зааглах;
Сэргээшийн төрлийн бодисын хууль бус эргэлт нь мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэрэг (Predicate offence) болох бүрэн шинжтэй тул FATF-ийн Зөвлөмж 3-т нийцүүлэн, Санхүүгийн мэдээллийн албаны сэжигтэй гүйлгээг таних, тайлагнах удирдамж, журам болон эрсдэлийн үнэлгээнд сэргээшийн төрлийн бодисын хууль бус далд эргэлтийг мөнгө угаах өндөр эрсдэлтэй салбарт албан ёсоор хамааруулж тооцох;
FATF-ийн аргачлалыг хэрэгжүүлэх үүднээс Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар болон Санхүүгийн мэдээллийн албаны хамтарсан "Сэргээшийн төрлийн бодисын хууль бус эргэлт, санхүүгийн урсгалыг хянах ажлын хэсэг"-ийг байгуулж эмийн сан, фитнес клуб, онлайн худалдааны цахим гүйлгээнд салбар дундын хяналт шалгалт хийж, мэдээлэл солилцоог шуурхай болгосноор Боломжийн онолын "Харгалзагч" (Capable guardian)-ийн үүргийг практикт хэрэгжүүлэх;
Залуучуудад сэргээшийн төрлийн бодисын хор уршгийг таниулах сургалт зохион байгуулж, жоргүй олгох боломжгүй сэргээшийн төрлийн эмийн жагсаалтыг олон нийтэд нээлттэй болгох. |
en_US |