| dc.description.abstract |
Барилгын салбарын хөгжил нь өртгийн хэлбэлзэл, хугацааны хэтрэлт, хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэл, бүтээмжийн бууралт, мэргэжлийн ажиллах хүчний хомсдол зэрэг олон талт, төвөгтэй асуудлуудтай тулгарсан хэвээр байна. Түүнчлэн барилгын салбар дэлхий дахинд дижитал шилжилт хамгийн удаан хийгдэж буй салбаруудын нэг бөгөөд Монголын барилгын салбар ч мөн адил байна. Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны дэд салбарууд болох машин сургалт, мэдлэгт суурилсан систем, компьютерийн хараа, робот техник болон оновчлолын алгоритмууд нь олон улсын барилгын салбарт амжилттай нэвтэрч, үр ашиг, бүтээмж, аюулгүй ажиллагаа болон найдвартай ажиллагааг сайжруулсан сайн туршлагууд бий болжээ. Эдгээр туршлагад үндэслэн Монголын барилгын салбарт нэвтрүүлэхэд хамгийн тохиромжтой ХОУ-ын технологийг тодорхойлж, төслийн бодит жишээн дээр үр дүн болон үр ашгийн тооцооллыг судалгааны ажлын хүрээнд хийж гүйцэтгэлээ. Судалгаанд “NCD групп” ХХК-ийн хэрэгжүүлж буй Вега Сити төслийн угсралтын үе шатны ажил, чанарын хяналтын баримт бичгийн бүртгэлээс 100 өөр төрлийн, өөр хугацаанд хийгдсэн хяналтын хуудсыг түүврийн аргаар сонгон авч шинжилгээ хийж, мөн Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй 400 барилга угсралтын байгууллаас төлөөлөл инженер техникийн ажилчдаас асуумжийн судалгаа авч шинжилгээ хийн дүгнэлт гаргав. Монголын барилгын салбарт хамгийн тохиромжтой бөгөөд олон давтагдах үл тохирлыг бууруулах боломжтой ХОУ-ны ConeLab, Rebar Tying Robot технологиуд байсан ба дараах үр дүн, ашгийн тооцоолол хийгдсэн. ConeLabs технологи нэвтрүүлснээр нэг 23 давхар барилгын техник хяналтын шууд зардлыг 94% хүртэл бууруулах, үл тохирлын түвшинг 59% бууруулах, ажилбарын хурдыг 5–20 дахин нэмэгдүүлэх боломжтой. Rebar Tying Robot нь арматур зангидах ажилд зарцуулах хугацааг 120 хоногоос 48 хоног болгон 2.5 дахин бууруулж, ажиллах хүчний зардлыг 228% бууруулах боломжтой байна. |
en_US |