| dc.description.abstract |
Өнөөгийн монгол улс төдийгүй олон улсын хэмжээнд аудитын үйлчилгээний чанарыг үргэлж хөндөн судалж сайжруулах болсон байна. Олон Улсын Аудит ба Баталгаажуулалтын Стандартын Зөвлөл нь аудитын чанарыг сайжруулах багц хөтөлбөрийн хүрээнд тус зөвлөлөөс батлан гаргадаг стандартууд нь аудитын чанарыг хангах суурь үзүүлэлт мөн боловч энэ нь аудитын чанарт нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйлсийн ердөө нэг нь болохыг онцолсон.
Аудит гэх нэр томьёо нь англи хэлний “номын шалгалт, тооцооны шалгалт”, латин хэлний audiо буюу “сонсох” гэсэн үгнээс гаралтай. Энэ үг нь анх мэдээлэл гаргагчийн тайланг авч үзэх, сонсох гэдэг утгаар хэрэглэгдэж иржээ. Энэ ойлголт нь нийгмийн тодорхой үе шат дамжсаар санхүүгийн тайланг илэрхийлэгч үндсэн байгууллага, түүний хэрэглэгч болох хөрөнгө оруулагчид, зээлдэгч, бэлтгэн нийлүүлэгч нарын ашиг сонирхлын ялгаа, мэдээлэл алдаатай илэрхийлэгдэх, мэдээллийн хязгаарлагдмал байдал, мэдээллийн нарийн төвөгтэй байдал зэргээс хамаарч тухайн мэдээлэл үнэн зөв болохыг батлах хөндлөнгийн хяналтын үйл ажиллагаа гэдгээр ойлгогдох болжээ. Америкийн Нягтлан Бодох Бүртгэлийн Ассоциацийн Аудитын Үндсэн Ухагдахууны Хорооноос 1973 онд хэвлэн гаргасан “Аудитын Үндсэн Ухагдахууны Мэдэгдэл”-д
“Аудит нь эдийн засгийн үйл ажиллагаа ба үйл явдлын талаарх батламж мэдэгдлийн хувьд нотлох зүйлийг бодитойгоор олж авах, эдгээр батламж мэдэгдэл ба тогтоосон шалгуурын хоорондох нийцлийн зэрэг хэмжээг тогтоохын тулд үнэлэх, үр дүнг сонирхсон хэрэглэгчдэд хүргэх системчилсэн үйл явц юм” гэж тусгасан аудитын тодорхойлолт нь аудитын үйл явц ба зорилтын аль алиныг илэрхийлсэн байдаг.
Аудит бол мэдлэгт суурилсан үйлчилгээ юм. Аудитын чанарын уг үндэс нь тодорхойгүй байдал ба өвөрмөц байдал юм. Аливаа нэгэн аж ахуйн нэгж нь өөрийн гэсэн онцлог давтагдашгүй шинж чанартай байдаг ба тодорхойгүй нөхцөл байдалд байдаг. Мөн санхүүгийн тайлангийн аудитын зорилго нь санхүүгийн тайлан нь материаллаг буруу илэрхийлэлгүй, зохих шалгуурын дагуу тайлагнагдсан гэдгийг хангалттай бөгөөд зохистой аудитын нотолгоонд тулгуурлан аудитор дүгнэлт өгөх юм. Энэ тайлан дүгнэлтийг гадаад болон дотоод мэдээлэл хэрэглэгчид өөрт шаардлагатай шийдвэр гаргахад шууд ашигладаг бөгөөд аудитор үйлчлүүлэгч байгууллага, гуравдагч этгээд хууль болон ёс зүйн өмнө хариуцлага хүлээн санхүүгийн тайланг шалгаж баталгаажуулдаг. Тиймээс аудитын чанар бол энэ үйлчилгээний бизнесийн чухал үзүүлэлтүүдийн нэг юм. Үйлчилгээ болон чанарын тухай ойлголтыг судалсны дараа үйлчилгээний чанарын тухай холбогдох тодорхойлолтыг судлах шаардлага гарсан. Маркетингийн шинжлэх ухааны институт нь үйлчилгээний чанарын тухай өргөн хүрээг хамарсан том хэмжээний судалгаа явуулсан бөгөөд үүнд үйлчилгээний чанар гэж “Хэрэглэгч тухайн байгууллагын үйлчилгээнд сэтгэл ханамжтай байх үгүй нь тухайн үйлчилгээг авахаас өмнө үйлчилгээнд тавьсан хүлээлт ба үйлчилгээг авсны дараах мэдрэмжтэй харьцуулснаар гарна” гэжээ. Хэрэв байгууллагын бодит үйлчилгээний үзүүлэлт нь хэрэглэгчийн урьдчилсан таамаглал болон хүлээлтээс илүү байвал сэтгэл
viii
ханамжтай бөгөөд өндөр чанарын үйлчилгээ байна гэсэн үг юм. Үйлчилгээний чанарын тухай ойлголтод хэрэглэгчийн сэтгэл ханамж нь анхаарлаа хандуулах гол үзүүлэлт юм.
Харин аудитын үйлчилгээ нь бусад үйлчилгээнээс ялгаатай явагддаг. Учир нь аудит баталгаажуулалтын үйлчилгээ нь байгууллагуудад өөрсдийн бизнесийг илүү үр ашигтай ирээдүйгээ төлөвлөх, хөрөнгө оруулагчид болон бусад гуравдагч санхүүгийн зах зээлээс хөрөнгө татан төвлөрүүлэхэд тусалдаг үйлчилгээ юм. Мөн санхүүгийн тайланг үнэн зөв бодитой тайлагнаж олон улсын стандарт дүрэм журмыг мөрдөн ажиллаж байгаа дээр хяналт тавьж ажилладаг.
Аудитын үйлчилгээний чанарыг хэмжих хэд хэдэн судалгаанд үйлчилгээ авч буй үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж нь үнэн ч байдалтай шууд холбоотой болохыг баталсан. Судалгаанд аудиторын ур чадвар, аудиторын алдааг илрүүлэх мэдлэг ба туршлага / техникийн туршлага/, мэргэжлийн үл итгэх байдал, аудиторын хариуцлага, аудитын үнэ, аудитын байгууллагын нэр хүнд зэрэг шинж чанарууд нь аудитын чанарын чухал бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрөгддөг болохыг тогтоожээ. Аудитын чанарыг үнэлэхэд хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг нь хариуцлага, мэргэшсэн байдал, аудитын үнэ, аудитын байгууллагын нэр хүнд юм.
Аудитын үйлчилгээний чанар нь үйлчилгээний чанарын 5 хэмжигдэхүүнээр хэмжиж байгаа нь үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид бүхэлдээ нөлөөлсөн болохыг харуулж байна.
Аудитын компани нь мэдээлэл хэрэглэгчдэд үнэн зөв, найдвартай мэдээллийг хүргэхийн тулд аудитыг чанартай хийх нь маш чухал. Иймд аудитын чанарыг сайжруулах зорилгоор аудитын чанарт нөлөөлөх гол хүчин зүйлсийг судлах, мэдээлэл хэрэглэгч болон компани удирдлагууд санхүүгийн тайлангийн аудитын үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байдаг болон бусад нөлөөлөгч хүчин зүйлсийн талаар тодорхойлж дүгнэлт, санал зөвлөмж боловсруулахын тулд энэхүү сэдвийг сонгож авсан болно. |
en_US |