| dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажил нь Улаанбаатар хотын хотжилтын эрчимжилт, хүн амын бүтэц өөрчлөгдөж буй нөхцөлд студио орон сууцны зах зээлийн өнөөгийн төлөв байдал, эрэлтийн бүтэц болон ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох зорилготой. Судалгааны хүрээнд хотжилт, өрхийн бүтэц, шилжилт хөдөлгөөн, орон сууцны нийлүүлэлт, үнэ, түрээсийн динамикийг хоёрдогч өгөгдөлд тулгуурлан шинжилж, мөн анхдагч өгөгдөл цуглуулах зорилгоор Улаанбаатар хотын 18-аас дээш насны 400 иргэнийг хамруулсан асуулгын судалгаа хийсэн.
Судалгааны үр дүнгээс харахад орон сууцны өрөөний сонголтод нас, орлогын түвшин, өрхийн бүтэц зэрэг хүчин зүйлс бодитой нөлөө үзүүлж, ялангуяа 18-40 насны залуус, ганц болон цөөн ам бүлтэй өрхүүд студио болон 1-2 өрөө орон сууцыг илүүд үзэх хандлагатай байгааг тогтоов. Гэвч зах зээл дээр өндөр үнэтэй, том талбайтай орон сууц давамгайлж, залуу болон бага, дунд орлоготой бүлгийн худалдан авах чадварт нийцсэн жижиг орон сууцны нийлүүлэлт хангалтгүй хэвээр байна. Иймд студио орон сууцыг хүртээмжтэй орон сууцны бодлогын чухал сегмент гэж үзэх шаардлагатайг судалгаа харуулж байна. |
en_US |