Хураангуй:
Сүүлийн жилүүдэд манай улсын бизнесийн салбарт олон төрлийн бизнестэй, групп компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах нь нэмэгдэж байна. Ихэнх том группүүд нэг Группын нэр дор маш олон төрлийн салбарт үйл ажиллагаа эрхэлж байна. Энэ нь манай орны зах зээлийн бүтэц, хэлбэр хэмжээ, онцлог зэргээс хамаарч байж болох юм. Ихэнх эдийн засагчдын үзэж байгаагаар гүйцэд төлөвшөөгүй эдийн засагт л олон төрлийн салбарт үйл ажиллагаагаа эрхэлдэг бизнес группууд хөгжих боломжтой гэж үзсэн байдаг. Манай орны хувьд мөн л энэ жишгийн дагуу бизнесийн түүх бичигдэж байна. Харин зах зээл хөгжихийн хэрээр олон салбарт үйл ажиллагаа явуулж байсан бизнес групп нь тодорхой нэг салбартаа илүү төвлөрч, өөр хэлбэрээр зохион байгуулагдах шаардлага зайлшгүй тулгараад байна. Группын бүтэц болон үйл ажиллагааг зохион байгуулах маш олон төрлийн хэлбэр байдаг хэдий ч нэгдэлт, нийлэлт, салган тусгаарлах зэрэг өөрчлөлтийг хийхдээ синергийн давуу талыг бий болгох нь салшгүй ойлголт юм. Олон төрлийн нэгдэл, нийлэлтийн үед синерги бий болгох боломж үргэлж нээлттэй байдаг бөгөөд манай орны групп компаниудын зохион байгуулалтад синергийн нөлөөг төдийлөн авч үздэггүй. Уг судалгааны ажлын хүрээнд монгол улсад групп хэлбэрээр зохион байгуулагдсан компаниудын нэгдлийн нэг төлөөлөгч болох нэг группыг сонгон судласан. Уг Группын одоогийн үйл ажиллагаа болон синергийн давуу тал байгаа эсэхэд боломжит байдлаар үнэлэлт, дүгнэлт өгч цаашид оновчтой хамтын ажиллагааны загвар үүсгэхээр зорин ажилласан.
Судалгааны объектийн хувьд албан болон албан бус харилцан хамаарал бүхий компаниудтай, групп хэлбэрээр зохион байгуулагдаж, олон салбар чиглэлд үйл ажиллагаа эрхэлдэг бизнесийн загвар юм. Уг группын салбар компаниудын хамтын ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх боломжит хувилбаруудыг боловсруулсан бөгөөд, загвар тус бүрийг харьцуулан үнэлэх замаар хамгийн оновчтой загвар хувилбарыг санал болгосон.
Судалгааны ажлын үр дүнгээс харахад тухайн бизнес бүрийн өөрийн, зорилго, онцлог зэргээс хамааруулан синергийн нөлөөллийг ямар ч хэлбэрээр загварчилж болох бөгөөд бүх бизнесийн групп тохирох нэгдсэн загвар гэж байхгүй байна. Синергийн үр дүнг нэмэгдүүлэх загвар хувилбар тус бүрийн өөрийн гэсэн давуу сул талуудтай бөгөөд эдгээр давуу талыг нэмэгдүүлэх, сул талыг бууруулах боломжуудаас үзэхэд сонгосон загварыг амжилттай хэрэгжүүлэх нь зорьсон үр дүнд хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Тиймээс синергийн загвар хувилбаруудыг санал болгохоос гадна загварыг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх тал дээр санал, зөвлөмжийг боловсруулсан болно.