| dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажил нь онлайн худалдааны платформын сонголтод
хэрэглэгчийн туршлага (UX) нь хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох зорилготой.
Цахим худалдааны салбарын судалгаагаар дэлхийн онлайн худалдааны борлуулалт
тасралтгүй өсөж буй (2023 онд 6.3 их наяд ам.доллар, 2027 онд 7.9 их наяд ам.долларт
хүрэх төлөвтэй) бөгөөд UX сайжруулалт нь платформуудын өрсөлдөх чадварын гол
шалгуур болсныг харуулж байна. 2025 оны эхний улирлын мэдээллээр улсын хэмжээнд
2.9 сая интернэт хэрэглэгч бүртгэгдсэн бөгөөд тэдгээрийн ихэнх нь идэвхтэй сошиал
медиа хэрэглэгчид байгаа нь сүүлийн жилүүдэд Монгол Улсад цахим худалдаа эрчимтэй
өргөжин, хэрэглэгчид онлайн үйлчилгээ, дижитал платформыг өдөр тутмын хэрэглээний
салшгүй хэсэг болж буйг итгэж байна. Дэлхийн ба дотоодын цахим худалдааны
хурдацтай өсөлт нь хэрэглэгчдийн зан төлөвийг мэдэгдэхүйц өөрчилж, платформ
сонголтын үндсэн шалгуурт хэрэглэгчийн туршлага (UX) голлох байр суурь эзлэх
болсон. Мобайл худалдаа олон улсын хэмжээнд 40 хувь, Монголд 60-ас дээш хувийг
бүрдүүлж байгаа нь платформын хэрэглээний хялбар байдал, интерфейсийн ойлгомжтой
байдал, төлбөрийн аюулгүй байдал, хүргэлтийн чанар зэрэг UX-ийн хүчин зүйлсийг илүү
чухал болгох нөхцөл бүрдүүлж байна.
Энэхүү судалгааны ажил нь онлайн худалдааны платформын сонголтод
хэрэглэгчийн туршлагын (UX) нөлөөг системтэйгээр тодорхойлох зорилготой бөгөөд
хэрэглэгчийн туршлагыг үе шаттайгаар авч үздэг “Эпизодик хэрэглэгчийн туршлага”
(Episodic UX) хандлагыг Монголын нөхцөлд анхлан судалснаараа онцлогтой юм.
Онолын судалгаа нь UX, итгэлцэл, сэтгэл ханамж болон хэрэглэгчийн зан
төлөвийн хоорондын шалтгаант хамаарлыг тайлбарладаг ECM, ECT, TAM зэрэг
загваруудыг нэгтгэн авч үзсэн бөгөөд UX-ийн бүрэлдэхүүн хэсгүүд хэрэглэгчийн
шийдвэр гаргалтад тогтвортой нөлөө үзүүлдэг болохыг нотолсон.
Судалгааны арга зүйг боловсруулахдаа хэрэглэгчийн цахим орчны зан төлөв,
платформын хэрэглэгчийн туршлага, итгэлцэл, сэтгэл ханамж зэрэг хувьсагчдын
хоорондын хамаарлыг тоон мэдээлэлд тулгуурлан шинжлэхэд чиглэсэн бүтэцтэй
байхаар төлөвлөсөн. Уг загвар нь 13 хүчин зүйлсийг багтаасан 44 асуулт, худалдан
авалтын зан төлөв болон хувийн мэдээлэл цуглуулах 4 асуулт бүхий асуулга
боловсруулсан. Улаанбаатар хотын 18–55 насны 200 хэрэглэгчээс 7 шатлалт Лайкертын
хэмжүүр ашиглан өгөгдөл цуглуулж, UX-ийн бүрэлдэхүүн хэсгүүд хэрэглэгчийн
ойлголт, итгэлцэл, сэтгэл ханамж, худалдан авалтын хандлагад хэрхэн нөлөөлж буйг
тоон шинжилгээгээр үнэлсэн.
Уг судалгааны хүрээнд дараах гол шинжилгээнүүдийг хийсэн:
• Түүврийн тархалт
• Найдвартай байдлын шинжилгээ
• Хүчин зүйлийн шинжилгээ
• Регрессийн шинжилгээ
Түүврийн тархалтын хувьд онлайн худалдааны платформ идэвхтэй ашиглах зорилгот
хэрэглэгчдийг хамруулсан бөгөөд 25-34 насныхан 60 гаруй хувийг эзэлсэн нь цахим
худалдан авалтын зах зээлд залуу, дунд насны хэрэглэгчид хамгийн идэвхтэй оролцдог,
сегмент болохыг харуулж байна.
iii
Найдвартай байдлын шинжилгээг Cronbach’s Alpha үзүүлэлтээр үнэлэхэд бүх хувьсагч
0.70-аас их гарсан нь хүчин зүйлс тус бүр найдвартай байдлыг хангаж байгааг
илэрхийлнэ. Мөн регрессийн шинжилгээний үр дүнгээр ашиглалтын үеийн туршлагын
чанар, итгэлцэл болон баталгаажсан туршлагын чанар нь хэрэглэгчийн ерөнхий сэтгэл
ханамжид статистикийн ач холбогдолтой, эерэг нөлөө үзүүлдэг болох нь батлагдсан.
Судалгааны үр дүнд онлайн худалдааны платформын сонголтод хэрэглэгчийн
туршлага (UX) нь итгэлцэл, сэтгэл ханамж болон худалдан авалтын хандлагад шууд
бөгөөд дам нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдлоо. Ялангуяа ашиглалтын үеийн
интерфейсийн ойлгомжтой байдал, бүтцийг ойлгох хялбар байдал, мэдээллийн ил тод
байдал, төлбөрийн аюулгүй байдал зэрэг хүчин зүйлс нь хэрэглэгчийн итгэлцлийг
бүрдүүлэх суурь нөхцөл болж байна. Харин ашигласны дараах баталгаажуулалтын
шатанд хүргэлтийн найдвартай байдал, хэрэглэгчийн дэмжлэг, бодит гүйцэтгэл нь анхны
хүлээлтийг баталгаажуулснаар ерөнхий сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, дахин ашиглах
болон худалдан авалт хийх хүсэлд эерэг нөлөө үзүүлж байна.
Иймд Монголын онлайн худалдааны платформууд хэрэглэгчийн туршлагыг
зөвхөн интерфейсийн түвшинд бус, харилцан үйлчлэлийн өмнөх үе, харилцан
үйлчлэлийн үе болон дараах бүх үе шатанд цогцоор нь төлөвлөх шаардлагатай юм.
Судалгаанд тулгуурлан UX-д суурилсан стратеги, хэрэглэгчийн итгэлцлийг нэмэгдүүлэх
ил тод бодлого, баталгаатай хүргэлт, хэрэглэгчийн санал гомдлыг үр дүнтэй шийдвэрлэх
тогтолцоог нэвтрүүлэх нь платформын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хэрэглэгчийн
урт хугацааны үнэнч байдлыг бий болгох практик ач холбогдолтой гэж дүгнэв. |
en_US |