Хураангуй:
Арилжааны банк нь хадгаламж эзэмшигчдээс татан төвлөрүүлсэн эх үүсвэрээр зээл олгох, бусад үйл ажиллагааг өргөжүүлэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хамгийн чухал үндсэн үзүүлэлт нь харилцагч болон банкны хоорондын итгэлцлийн үндэс юм. Тухайлбал харилцагч, хадгаламж эзэмшигчид нь банкны талаарх мэдээлэлд анхаарал хандуулж байдаг бөгөөд сөрөг мэдээлэл олон нийтэд тархах тохиолдолд хадгаламж, харилцах дах мөнгөн хөрөнгөө буцаан татах эрсдэлийг бий болгож байдаг. Харилцагчдын энэхүү үйлдэл нь банкийг төлбөрийн чадваргүй болгох эрсдэлийг дагуулж болох тул банк санхүүгийн хувьд тогтвортой үйл ажиллагаа явуулах нь нэн чухал. Арилжааны банк нь өргөн хүрээтэй олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг учраас хөрвөх чадварын, гадаад валютын ханшийн эрсдэл, үйл ажиллагааны эрсдэлүүдийг дагуулдаг тул тэдгээр эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх олон судалгааны ажлууд боловсруулагдсаар ирсэн. Эдгээр эрсдэлүүдийг судлан үзэхэд тохиолдох магадлал, давтамж нь олон боловч бий болох зардал болон хохирлын хэмжээ нэр хүндийн эрсдэлтэй харьцуулахад харьцангуй бага байх тохиолдлууд элбэг байдаг. Харин арилжааны банкны нэр хүндийн эрсдэл нь тохиолдох магадлал бага боловч тохиолдсон үед асар их хэмжээний хохирол учруулж, банкийг дампууралд хүргэх аюултай тул банк нэр хүндийн эрсдэлээ шинжилж, урьдчилан сэргийлэх шаардлагатай. Иймд уг судалгааны ажлаар нэр хүндийн эрсдэлийн тухай судлан, тухайн эрсдэлд нөлөөлөгч түрүүлэгч индикаторуудыг тодорхойлохдоо 2009 онд Олон улсын стандартын байгууллагаас боловсруулсан ISO:31000 Эрсдэлийн менежмент, үндсэн зарчим, удирдамж, ISO:31010 Эрсдэлийн менежмент- Эрсдэлийн үнэлгээний арга стандартад тусгагдсан арга, аргачлал болон COSO-оос гаргасан зөвлөмжид үндэслэсэн. Банк санхүүгийн байгууллага нь нэр хүндийн эрсдэлд өртсөний дараа авах арга хэмжээ нь хязгаарлагдмал, зардал ихтэй ба түүнийг урьдчилан тооцоолж, зайлсхийх нь нэр хүндийн эрсдэлд өртөж ихээхэн хэмжээний хохирол учруулдаг тул урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой юм.