dc.description.abstract |
Дэлхийн олон хөгжингүй орон тэр дундаа АНУ, Израиль, Их британи, Австрали зэрэг улсууд өөрийн улсын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор венчур капитал, хувийн хөрөнгө оруулалтын санг бодлогоор дэмжиж хөгжүүлж ирсэн байдаг. Бодлого хэрэгжсэний үр дүнд зөвхөн жижиг дунд үйлдвэрлэл хөгжөөд зогсохгүй шинэ инновациуд, өндөр технологийн салбарын хөгжил, ажлын байр, эдийн засгийн өсөлт, өрсөлдөөний чадвар, үндэстэн дамнасан корпорациуд үүссэн зэрэгт чухал нөлөө үзүүлсэн байдаг.
Хэдийгээр Монгол улсад хөрөнгийн зах зээл хөгжөөд удаагүй ч одоогоор салбарт хэд хэдэн нэр бүхий оффшор хаалттай хөрөнгө оруулалтын сан үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна. 2016 оны байдлаар оффшор сангууд нийт таван компанид өсөлтийн хөрөнгө оруулалт хийсэн байгаа нь манай улсад 2011 оноос хөгжиж ирсэн шинэ салбарын хувьд чамлахааргүй амжилт билээ.
Монгол улсын засгийн газар 2013 онд хөрөнгө оруулалтын сангийн тухай, үнэт цаасны зах зээлийн тухай хууль, холбогдох гурван зохицуулалтуудыг баталж хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, хөгжилд шинэ алхам хийсэн. Банкны салбар давамгайлан хөгжсөн манай орны хувьд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд банкны хадгаламж, засгийн газрын өөрийн бичгийн өгөөжийн хүүг бууруулах зэрэг хүндхэн сорилт тулгарч байна. Нөгөө талаас хувийн хэвшлийн удирдлага, иргэдийн санхүүгийн талаарх боловсролыг шат дараалалтайгаар нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай болох нь Монгол банкны судалгааны ажилд дүгнэгдсэн.
Монгол улсын хувьд газар нутаг, байгалийн баялаг, уул уурхайн салбарын хөгжил зэрэг дэлхийн бусад хөгжиж буй оронтой харьцуулахад давуу тал бий. Бид бодлогын хүрээнд венчур капитал, хөрөнгө оруулалтын санг дэмжсэнээр инноваци болон өндөр технологид суурилсан шинэлэг компаниуд, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, үр шимийг хүртэх боломжтой. |
en_US |