Хураангуй:
Бизнесийн байгууллагын эдийн засагт үзүүлэх нөлөө асар их бөгөөд эдийн засгийн хамгийн чухал элементүүдийн нэг юм. Нэгдэлт, худалдан авалт нь өрсөлдөөнтэй зах зээлд тэсч үлдэх аргуудын нэг бөгөөд Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөлд компаниудын хувьд хэрэгжүүлэх боломжтой агаад санал болгохуйц стратеги юм. Тус судалгаа нь өрсөлдөөнтэй зах зээлд компаниуд нэгдэх, нэг компани нөгөөгөө худалдан авах тохиолдолд ямар үр дүн гарч болох вэ? Энэ нь хувьцаа эзэмшигчдэд ямар үнэ цэнийг авчрахыг тодорхойлох зорилготой бөгөөд нэгдэлт, худалдан авалт нь аль аль компаниудын хувьд эерэг нөлөөлөл авчирна хэмээн таамагласан болно.
Судалгааны хүрээнд Монголын хамгийн өрсөлдөөнтэй зах зээлийн нэг болох барилгын салбар, тэр дундаа бетон зуурмагийн салбарыг сонгосон бөгөөд сүүлийн жилүүдэд санхүүгийн үзүүлэлт нь илт муудсан Ремикон ХК-ийг тус салбарт ажилладаг 4 өөр компаниудтай нэгтгэхэд ямар үр дүнд хүрч болох вэ гэсэн нөхцөлт судалгаа хийсэн. Судалгааны эцэст компани бүрийн хувьд нэгтгэсэн үнэлгээ харилцан адилгүй гарсан бөгөөд нэгдэлтээс үүсэх синержи бүрийн хэмжээ эрс ялгаатай гарсан. Судалгааны эцэст IV дугаартай компани хамгийн их үнэ цэнийг хувьцаа эзэмшигчдэд авчирсан бөгөөд үнэлгээг хорогдуулсан мөнгөн урсгал, чөлөөт мөнгөн урсгалын загвараар тооцсон.
Судалгааны үр дүнд нэгдэлт, худалдан авалт нь хувьцаа эзэмшигчдийн үнэ цэнийг нэмэгдүүлээд зогсохгүй, нэгдсэнээр бүтээгдэхүүний гарц нэмэгдэж, өртөг буурах боломжтой байсан. Өртөг буурснаар хэрэглэгчдийн хувьд бүтээгдэхүүний үнэ буурах нөхцөлийг бүрдүүлнэ. Эдгээрээс гадна нэгдэлтээс синержи үүсч байгаа бөгөөд синержи нь орлого, зардал, цэвэр ашгаар хамгийн тод харагдаж байсан. Мөн жижиг хэмжээтэй компаниуд нэгдсэнээр зах зээлд эзлэх хувь нэмэгдэж, хөрөнгө оруулалт хийх, өр даах чадвар нэмэгдэж байсан бөгөөд энэ нь өрсөлдөөний давуу талыг олгоно. Эцэст нь судалгаанд сонгож авсан салбарын хувьд хэт олон үйлдвэрлэгчтэй учраас үнээр өрсөлдөж эхлээд байгаа ба нэгдэлт, худалдан авалт тус салбарт явагдвал олон жижиг үйлдвэрүүд нэгдэж, хяналт тавих боломжтой болох ба одоогийн нөхцөлд томоохон компаниудтай өрсөлдөх боломжтой болно.